Улирлын чанартай бизнесийг тогтвортой эрхлэх нь ✨
Улирлын чанартай бизнесийг тогтвортой эрхлэх нь ✨2022-07-07

Зуны аагим халуун өдрүүдэд ундаа зайрмагнаас эхлүүлээд барилга, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, хөдөө нутагт малчин гэр бүл хүртэл аялал жуулчлалын бизнест хүч сорих хүртэлх, тухайн улиралд цэцэглэдэг бизнес олон бий. Цаг уураас гадна үндэстний соёл уламжлал ч мөн үүнд нөлөөлдөг. Намрын налгар өдрүүдэд сарын сайныг саатан хүлээсэн хурим, найр наадамд ороогүй хүүхэд хөгшид байхгүй биз. Энэ мэтчилэн эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд улирал бүр өөр өөрийн онцлогоороо бизнестэй уялддаг.

Улирлын чанартай бизнесийг хоёр ангилдаг. “High season” буюу тухайн нэг улиралдаа идэвхтэй байдаг бизнесүүд байхад жилийн турш нээлттэй байж байдаг ч “high season” үедээ оргилдоо хүрдэг бизнесүүд бий. Улирлын чанартай бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ жилийн турш өргөжүүлэн хөгжүүлж тухайн жилийнхээ орлогын дийлэнх хэсгийг ердөө 3-6 сарын дотор бүрдүүлдэг онцлогтой.

Асуудал 1: Оргил ачаалалтай үе дэх ажиллах хүчний хомсдол.

Улирлын чанартай бизнесийн хувьд ажилчдыг гэрээтээр болон богино хугацаагаар ажиллуулах шаардлага тулгардаг. Ялангуяа барилга, бүтээн байгуулалт болон аялал жуулчлалын салбарт шаардлагатай үед нь хүн авч ажиллуулах нь ашигтай боловч цөөхөн хүн амтай, боловсон хүчний хомсдолтой манайх шиг улсад яах аргагүй толгойны өвчин болох нь бий. Мөн энэ үед бизнесийн том акулууд чадварлаг ажилтнуудыг өндөр үнээр хөлслөн хомсдол үүсч, улмаар цалингийн хөөсрөлт ч бий болдог.

sol-tZw3fcjUIpM-unsplash.jpg

Шийдэл:

Төлөвлөлт: Ачаалалтай үе эхлэхээс өмнө ажиллах хүчээ олж, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь хэдэн сарын өмнө ярилцлагад дуудаж гэрээ байгуулах тухай биш бөгөөд урьдчилан цалингийн төсвөө тооцоолох, ямар ур чадвартай хүмүүс шаардлагатай талаар эртнээс төлөвлөх хэрэгтэй.

Санхүү: Гэрээтээр түр ажиллуулах нь санхүүгийн хувьд хэмнэлттэй, амралт тэтгэмжийн зардал шаардлагагүйгээс гадна шинэ санаа, тэдний эрч хүч нь таны бизнест эерэг нөлөө авчирч болох юм.

Шалгаруулалт: Түр хугацаанд ажил хайгч нар тийм ч гялалзсан намтартай байх нь ховор. Тохирох зөв хүнийг шалгаруулж авахын тулд өмнөх ажиллаж байсан газраас тодорхойлох захидал авах эсвэл өмнөх удирдлага руу нь утас цохиход илүүдэхгүй. Мөн танилын хүрээгээ ашиглан хуучин ажиллаж байсан ажилтнууд, гэр бүл, найз нөхдийнхөө санал болгосон хүнийг ажилд авах нь цаг хэмнэхээс гадна тогтвортой ажиллах магадлал өндөр болдог.

Асуудал 2: Ачаалал багатай бусад улиралд бизнесийн идэвхгүй байдал

al-nik-J5XqX-qvEZE-unsplash (1).jpg

Шийдэл:

Нөөц боломжоо ашиглах: Манайд байдаг томоохон цанын бааз зундаа гольфийн талбай болж хувирдаг шүү дээ. Энэ мэтчилэн танай компанид байгаа нөөц бололцоог хэрхэн хувиргаж болох талаар бодолцож, байгаа нөөцөө бусад улиралд ч бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.

Төлөвлөлт: Оргил улирлаа хүлээх зуураа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж бусдын анхаарлыг татах, чанар стандартаа сайжруулж, веб сайтаа дахин шинэчлэх, энгийн и-мэйл үйлчилгээг ашиглан үйлчлүүлэгчдийн судалгаа хийх, шинээр бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө гаргаж, завгүй үедээ амжуулах боломжгүй зүйлсийг турших цаг гаргаж болох юм.

Асуудал 3: Үйлчлүүлэгчдээ бүхий л улирлын турш хэрхэн хадгалан авч үлдэх вэ?

Шийдэл:

Дижитал зах зээлийг ашиглах: Судалгаагаар худалдан авагчид том худалдан авалт хийхээсээ өмнө 81 хувь нь онлайн судалгаа хийдэг ба ухаалаг утас хэрэглэгчдийн 51 хувь нь утсаараа хайлт хийж урьд нь үйлчилгээ авч байгаагүй шинэ компанийг нээж илрүүлдэг байна.

Үйлчлүүлэгчдээс ямагт нэг алхмын урд байх: Жижиг зүйлүүдэд ч санаа тавин идэвхгүй байх үед нь ч тэднийг халамжлах хэрэгтэй. Үйлчилгээг нь сонгосонд талархсан и-мэйл явуулсан ч болох юм.

Асуудал 4: Мөнгөн урсгалын хомсдол

Мөнгөн урсгалаа хангалттай хэмжээнд байлгахгүй бол улирлын чанартай бизнесүүдэд том дарамт болдог.

Шийдэл:

Оргил ачаалалтай үед гэнэтийн болон ажиллах хүчний зардалд зарцуулах бэлэн мөнгөний нөөц хүрэлцэхгүй тохиолдолд зээл, түрээсийн санхүүжилт аль эсвэл байгууллагын кредит картыг ашиглах гэх мэт бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Мөнгөн урсгалаа нэмэгдүүлэхээр зээл авах бол хамгийн тохиромжтой үе нь оргил улирал эхлэхээс өмнө байдаг бол зээлээ төлж дуусгах хугацаагаа улирлын төгсгөлөөр товлох нь хамгийн зөв стратеги болдог. Ажил ид буцалж байх үед мөнгөний эрэлд гарах нь үйлдвэрлэл, үйлчилгээ хэвийн тасралтгүй явахад саад учруулдаг. Жилдээ богино хугацаанд ашиг авчирдаг бизнест тасалдал гарвал зах зээл, өрсөлдөөнд шахагдах аюултай тул нөөцөө сайн тооцоолох шаардлагатай. Харин зээл болон зээлийн хүү хугацаа өнгөрөх тусам зардал өсгөх тул мөнгөн урсгалын хэрэгцээ багасах улирлын төгсгөлд зээлээ хаах нь зөв юм.

Асуудал 5: Мөчлөгийн хэлбэлзлийг урьдчилан таамаглах

Бизнест улирлын нөлөөллөөс гадна мөчлөг гэж байдаг. Салбар бүр өөр боловч 2-3 жилийн хугацаанд ижил давтамжтай уналт, босолт ажиглагддаг. Жишээ нь манай улсад намрын улиралд малын тарга тэвээрэг болон ургац хураалтаас хамаарч мах, ногооны үнэ хямдардаг. Уг бүтээгдэхүүний арван жилийн статистикийг гаргавал түүнд нөлөөлөгч улирлын нөлөө, шок (хил хаах, өвчин тахал гэх мэт), тренд (намар оюутан сурагчид бэлтгэл хангах гэх мэт) болон мөчлөг (цикл) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнээс бид мөчлөгийг нь ялган авч дүн шинжилгээ хийх шаардлагатай болно.

maxim-hopman-fiXLQXAhCfk-unsplash.jpg

Шийдэл:

Нэн тэргүүнд сүүлийн 2-3 жилийн борлуулалтын нарийвчилсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй. Хэрэв шинээр гарааны бизнес эрхэлж байгаа бол судалгаатайгаар орох шаардлагатай. Ингэснээр төлөвлөгөө гаргаж, нөөц болон бэлэн мөнгөө хуваарилах боломжтой болох юм. Өөрийн бизнесийн салбарт дээр дурдсан жишээтэй адил статистик тоон үзүүлэлтүүд дээр суурилан график гарган шинжилгээ хийж болно. Мөн мэргэжлийн судлаачдын гаргасан дүн шинжилгээг ч олж үзэж болох юм. Мөчлөг гэдэг уналттай, босолттой тогтмол хэлбэлзэл байх ба онцгой, хэт их өсөлт, уналт ажиглагдвал ямар үед манай эдийн засагт шок нөлөөлсөн бэ гэдгийг тайлбарлахад амархан учир мөчлөгийг ялган харах тийм ч хэцүү биш байх болно.