Бизнесээ сурталчлах урлаг 🎨
Бизнесээ сурталчлах урлаг 🎨2023-03-30

Санаа тань цаасан дээрээ үлдэх эсвэл бодитоор хэрэгжихийн хооронд тун ч нарийхан зураас байх бөгөөд хэрэгжих эсэх нь бусдад бизнесийн санаагаа хэрхэн зөв, оновчтой ойлгуулж чадахаас хамаарах үе олон 🧐

Хорвоо дэлхийн бүх асуудал хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй хэмээх мэргэн үг бий. Өөрийн толгойд байгаа бодлыг бусдад тэр чигээр нь ойлгуулна гэдэг амар биш ч танд дуулгах нэгэн сайн мэдээ байна. Учир нь энэхүү нийтлэлээрээ дамжуулан бид танд хэрхэн бизнесээ амжилттай танилцуулах тухай олон олон судалгааны ажлуудаас хамгийн чухлыг нь хураангуйлан хүргэж байна.

1. Бэлтгэлтэй байх нь амжилттай байхын үндэс

“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг танилцуулгаа бэлдэхээс урьтаж судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Та өөрийн бизнесийг хэнд танилцуулахаас шалтгаалан арга барилаа сонгох нь илүү үр дүнтэй байдаг тул ширээний нөгөө талд хэн суух вэ гэдгийг сайтар судлаарай. Үүнд:

  • Хэдэн настай ямар хүн болох, хаана ямар албан тушаал хашдаг
  • Урьд өмнө нь ижил төстэй бизнес дээр ажиллаж байсан эсэх
  • Урьд өмнө нь ижил төстэй бизнест хөрөнгө оруулж байсан эсэх
  • Таны ашиглах гэж буй мэргэжлийн үг хэллэг, тооцооллыг ойлгохоор мэдлэгтэй эсэх
  • Хувь хүн талаасаа баримталдаг үнэт зүйлс, алсын хараа болон бизнесийн зарчмууд
  • Хобби, сонирхдог зүйлс

Гэх мэт аль болох олон мэдээлэл цуглуулан түүн дээрээ суурилан танилцуулгаа бэлдэж чадвал таны танилцуулга, үгийн сонголтыг нөгөө тал хүлээж авахад илүү хялбар болох юм. Хүний тархи аливаа шийдвэрийг гаргахдаа үргэлж өмнөх туршлага дээр үндэслэж харьцуулсны үндсэн дээр эцсийн дүгнэлт хийдэг байна. Харин сайн мэдэхгүй, дотно бус зүйлс нь аюул, заналхийлэл болон мэдрэгддэг тул хүн өөрийн эрхгүй тэдгээрээс татгалзах хандлагатай байдаг ажээ.

2. Өөрийн түүхээ хуваалцах

MicrosoftTeams-image (11).png

Магадгүй энэ бүх зөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь энэ бөгөөд таны танилцуулга амжилттай болох эсэхэд чухал нөлөөтэй. Бизнесийн санал санаачлага нь хүний амьдарлаас урган гарсан бодит хэрэгцээ шаардлага, үзэл бодол дээр суурилсан байдаг тул үүнтэй холбогдож буй өөрийн түүхийг бусадтай хуваалцах нь чухал. Танд бизнесийн санаа хэрхэн төрсөн, нийгэмд ямар үнэ цэн үүсгэх талаар бодит жишээ, цаг хугацааны дараалалтайгаар хүүрнэх нь таныг сонсож буй хүмүүстэй гүн гүнзгий холбоо тогтооход туслах юм.

Түүх өгүүлэх нь тайлбарлахад төвөгтэй, хэцүү зүйлсийг хүлээж авахад илүү хялбар, илүү ойлгомжтой болгодог бөгөөд сонсогчдод асуудал болон тэдгээрийн шийдлийг дотроо дүрсэлж, төсөөлөхөд дөхөм болгодог байна. Ийн хүүрнэх явцдаа шаардлагатай бүхий л мэдээллийг өгч, зарим үед бүр харилцан яриа байдлаар өөрийн санаагаа ойлгуулж болдог билээ. Өөрийн түүхээ хуваалцахдаа “Яагаад”, “Яаж”, “Юуг” гэсэн дарааллын дагуу хүүрнэх нь чухал бөгөөд яагаад гэдэг асуултаар эхлэх нь таныг сонсогчидтойгоо холбогдоход туслах түлхүүр юм.

3. Нэг зоосны хоёр тал

MicrosoftTeams-image (13).png

Дараагийн анхаарах чухал зүйл бол энэ бүхэн зөвхөн бизнесээ таниулах асуудал биш, та өөрийгөө давхар сурталчилж буйгаа санаарай. Аливаа бизнест хөрөнгө оруулах нь тодорхой түвшний эрсдэлүүдийг дагуулж байдаг тул хэнтэй хамтарч байгаагаа мэдэх нь тун чухал юм. Иймээс та хэлсэндээ хүрдэг, амласнаа биелүүлдэг байх нь бизнес хамтрагчийнхаа итгэлийг олж авахад нэн чухал. Хэрэв ямар нэгэн алдаа гаргасан эсвэл бизнесийн түнш тань танаас хэтийдсэн зүйл хүссэн тохиолдолд үнэн учир шалтгаанаа тайлбарладаг, шударгаар үгүй гэж хэлдэг байх нь ялгаагүй чухал бөгөөд харин ч нөгөө хүндээ итгэл даахуйц, найдвартай мэдрэмжийг төрүүлдэг байна.

4. Дэгээдэх

Анхаарал бол үргэлж хомс байдаг нөөц. Тиймээс ч бусдын анхаарлыг яриандаа бүрэн хандуулах нь хэзээ ч амар байгаагүй. Бусдын анхаарлыг татахын тулд танд сайтар тооцож бэлдсэн оршил хэрэг болох ба доорх жагсаалтаас санаа аваарай. Үүнд:

MicrosoftTeams-image (12).png

  • Ямар нэгэн асуулт тавьж эхлэх 🧐 – Энэ нь сонсогчдод ямар нэгэн хүлээлт үүсгэх, тэднийг идэвхгүй, сонсогчийн байдлаас илүү идэвхтэй оролцогчийн байр луу шилжүүлэх боломжийг олгодог.
  • Эсрэгцүүлэл тавьж эхлэх 👀 – Бүх нийтээрээ маргаангүй хүлээн зөвшөөрдөг нийтлэг ухагдахуунуудыг ил гарган тэрийг үгүйсгэсэн мэдэгдэл хийх. Энэ арга нь сонсогчдыг гайхшруулж, магадгүй гүн бодолд автуулж болох юм. Гэхдээ ухаалгаар ашиглаж чадахгүй бол буцаад өөрөө түүндээ ороогдох эсвэл бүүр тэдний дургүйг ч хүргэж болох тул болгоомжтой байх нь чухал юм.
  • Төсөөлүүлэх 🧠 – Сонсогчдын аль болох олон мэдрэхүйг ажиллуулж чадвал танд өөрийн санааг итгэн үнэмшүүлэхэд илүү хялбар байх болно. Хэрэв та танилцуулга хийж байгаа хүнээ аль болох хүчтэй төсөөлүүлж чадвал тэдний толгойд дүрслэл үүсгэх давуу талтай ба цаашлаад үнэр, амт, хүрэх мэдрэмжийг хүртэл төсөөлүүлж болох юм.
  • Түүхэн үйл явдал ярьж эхлүүлэх 📚 – Бодитоор болж байсан спорт, урлаг, улс төрийн үйл явдлаас иш татан яриагаа эхлүүлэх нь хүмүүсийн тархи дахь неоронуудын холбоосуудыг ашиглаж өөрийн санааг хүргэх үр дүнтэй аргуудын нэг юм.
  • Тоо баримт ашиглах 📖 - Сэтгэл хөдөлгөм, хүний санаанд оромгүй тоо баримт ашиглан яриагаа эхлүүлэх нь таныг бусдад мэргэжлийн бас дээрээс нь судалгаа шинжилгээ сайтай гэх үзэмжийг бүрдүүлэхэд туслах ачтай юм. Эдгээр тоо баримтыг ухаалгаар өөрийн бизнесийн гол санаатай уялдуулан тайлбарлах нь нэн чухал бөгөөд хэрэгтэй үед нь тунг нь тааруулж ашиглахгүй бол бусдыг залхаах аюултай.

5. Сэтгэл зүйн арга мэхүүд

Санаагаа ойлгуулах, бусдыг ятган үнэмшүүлэхэд ярианаас дутахааргүй хүчтэй нэгэн хэрэгсэл бол хэлэлцээр хийх орчин, уур амьсгал билээ. Тэгвэл зарим хэлэлцээр, уулзалтыг өөрийн оффистоо хийх, боломжгүй тохиолдолд өөр газар уулзах нь давуу талтай үе бий. Хэрэв хэлэлцээрт орж буй нөгөө талын оффист уулзалт товловол энэ нь тэдэнд илүү эрх дархтай мэт сэтгэгдлийг төрүүлж болох эрсдэлтэй юм.

Энэ мэтчилэн өөрсдийн талдаа ашиглах боломжтой сэтгэл зүйн олон арга мэхүүд байдаг бөгөөд нөхцөл байдалдаа уялдуулан ашиглаж чадвал зөвхөн танилцуулгаар зогсохгүй бизнесийн харилцааны аль ч шатанд ашиг тусаа өгдөг байна.

Эцэст нь дүгнэхэд сайн танилцуулга хийх нь нямбай судалгаа, шаргуу бэлтгэлийн үр дүн бөгөөд бизнесийн харилцаанд орж буй нөгөө талдаа илүү гүнзгий мэдрэмж төрүүлэхийн тулд дээрх бүхнийг цээжилсэн мэт дуржигнатал ярихаас илүүтэйгээр тухайн цаг үедээ урсан гарж ирж буй мэт ярьдаг болтол бэлдэх хэрэгтэй. Үүнээс гадна хүн бүрийн хэрэгцээ, шаардлага болон үүх түүх өөр байдаг тул нэг танилцуулгаа хүн бүрт тавих нь тохиромжгүй бөгөөд сонсогчдодоо тааруулан мессежээ хүргэх замаа өөрчлөх нь амжилттай танилцуулга хийхийн нэн чухал хэсэг юм.

А. Сүхбат I Афтерворк Ассошейтс

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

web banners BL copy.jpg