Хуулиа мэдэхгүй бизнес эрхлэгч ойд төөрсөнтэй адил 🌳
Хуулиа мэдэхгүй бизнес эрхлэгч ойд төөрсөнтэй адил 🌳2023-10-20

Энэхүү нийтлэлийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд, том бүх төрлийн бизнес эрхлэгчдэд хуулийн зөвлөмж өгөх, түүнтэй холбоотой сонирхолтой жишээ танилцуулах, тулгарч болзошгүй зарим эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Дээрхтэй адил өгүүлбэртэй бизнес эрхлэгч та олон таарч байсан нь лавтай.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй 884 хууль байна. Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн албан ёсны www.legalinfo.mn цахим хуудаснаас дээрх бүх хууль тогтоомж, эрх зүйн акт, нэр томъёоны тухай мэдээллийг авах боломжтой. Харин энэхүү нийтлэлээрээ байгууллагуудад ихээр тохиолддог хууль, эрх зүйн кейсүүдээс танилцуулъя.

Санхүү тайлан 💸

Байгууллага, бизнес эрхлэгчдэд хамгийн ойлгомжтой нь санхүү, татвар, гаалийн тухай хууль тогтоомжууд байдаг. Учир нь төрийн сан, татварын болон гаалийн ерөнхий газруудад сар, улирлын давтамжтай тайлан илгээж, татвар хураамжийг хуулиар тогтоосон хэмжээгээр төлж, санхүүгийн мэргэжилтэн ажиллууснаар саадгүй давдаг.

Бүх төрлийн бизнес эрхлэгчдэд хөндлөнгийн магадлан шинжилгээ (Due Diligence) хийхийг хуульчид зөвлөдөг. Энэхүү шинжилгээг нийтэд хувьцаагаа анхлан зарлаж байгаа (IPO) байгууллагууд ихэвчлэн хийдэг ч санхүү болон хууль зүйн хувьд хэр эрүүл тогтолцоотой байгаа эсэхийг магадалдаг учир бүх байгууллагууд тодорхой давтамжтайгаар хийх нь зүйтэй.

Түүнчлэн байгууллага бүр бизнесийн үйл ажиллагаандаа хамтран ажиллах, ажил гүйцэтгэх, худалдан авалтын аль эсвэл захиалгын гэх мэт ямарваа нэг гэрээ байгуулдаг. Тэгэхдээ бэлэн загвар гэрээ ашиглан тухайн гэрээнийхээ зүйл заалтыг анзааралгүй, өөрсдийнхөө эрх ашгийг бодолгүйгээр байгуулчихдаг.

Жишээ нь Ковид-19 цар тахлын үеэр л талууд “Давагдашгүй хүчин зүйл” -ийн заалтаар гэрээний үүргийг хойшлуулж болохыг ихэнх нь ойлгож авсан. Иймд хамгийн эхэнд гэрээний зорилгоо тодорхой бичиж, талуудын эрх, үүрэг хариуцлага хэсэг дээр нухацтай ажиллах хэрэгтэй. Мөн аман байдлаар хэлэлцээр хийж тохирч болох ч зөвхөн бичгээр үйлдсэн гэрээ хууль шүүхийн өмнө хүчин төгөлдөр үйлчилдэг гэдгийг санаарай.

Хөдөлмөрийн харилцааны тухай 🤔

Хүн болж төрөөд татвар төлөх нь үнэн гэдэгтэй адил компани байгуулсан л бол хөдөлмөрийн харилцаанд орох нь үнэн. Ажил олгогч талаас хөдөлмөрийн гэрээг боловсруулж талууд харилцан тохирч байгуулдаг. Тэгвэл энэ оноос эхлэн хэрэгжиж буй нэг чухал заалт болох хувь хүний биометриксийг өөрийнх нь зөвшөөрөлгүй ашиглахыг хориглосон тухай мэдсэн үү? Үүнд: хурууны хээ, камерын дүрс бичлэг, дуу хураагуур гэх мэт сүүлийн үед хаа сайгүй цаг бүртгэл, аюулгүй байдалд хэрэглэж байгаа тоног төхөөрөмжүүд орох учир хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн тус заалтыг тусгах зайлшгүй шаардлагатай. Танай байгууллага аюулгүй ажиллагаандаа камерын дүрс бичлэг, цаг бүртгэлдээ хурууны хээ, царай таниулах шаардлагатай байгаа бол ажилчидтайгаа зөвшилцөн танилцуулж уг заалтыг нэмж гэрээгээр баталгаажуулах ёстойг сануулъя.

Мөн хөдөлмөрийн хуульд тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор өмчийн төрөл, чиглэл хамаарахгүй 25 ба түүнээс дээш ажилтантай бол нийт ажилчдын дөрвөн хувиас доошгүй тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ёстой гэж заасан байдаг. Эс бөгөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийг Дэмжих Санд сар бүр төлбөр төлөх ёстой гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Сүүлийн үед гадны туршлага, экспертизийг нутагшуулах зорилготой экспатууд манай улсад нэлээд олноор ажиллах болсон. Гадаадаас ажиллах хүч авчирвал Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Төвд сар бүр төлбөр төлдөг. Иймд цалингийн зардлаас гадна виз, манай улсад түр оршин суух зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэл, амьдран суух хугацааны зардал гэх мэт анхаарууштай олон зүйл бий талаар бодолцож байж шийдвэрээ гаргаарай. Гадаадаас ажиллах хүч авчраад аль нэг төлбөрийн, бичиг баримтын бүрдэл дутуугаас визийн зөрчил болон торгуульд унах тохиолдол олон гардаг байна.

Дижитал маркетинг 🤳

Хүн бүр гар утастай, интернэт сүлжээнд холбогдсон энэ үед биет, биет бус ямар ч бизнесийн хувьд дижитал маркетинг маш их нөлөөтэй байна. Тэр тусмаа өөрсдийн тодорхойлсон зорилтот бүлэгтээ хүрэх боломжтой учраас бага зардлаар зорилтот зах зээлдээ хүрэх давуу талтай билээ. Дижитал маркетинг 101 талаар манай өмнөх “Бага зардлаар зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх оновчтой арга” нийтлэлээс уншаарай. Харин Дижитал маркетинг хийх үедээ эрх зүйн талаас дараах зүйлсийг анхаараарай.

Artboard 1 copy 10.png

  • Ил тод байдал: Сүүлийн үед хүчээ авч байгаа нөлөөллийн (Influencer) маркетинг хийх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай. Зар сурталчилгааны тухай хуульд зааснаар түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран “Зар сурталчилгаа” гэдэг нь ойлгогдохоор байх ёстой гэж заасан байдаг. Иймд олон дагагчтай нөлөөлөгч иргэн, аль эсвэл цахим хуудсаар сурталчилгаа явуулах бол #ad гэх мэт түлхүүр үг ашиглан сурталчилгаа гэдгийг заавал дурдаж ил тод байх шаардлагатай.
  • Мэдээллийн аюулгүй байдал: Энэ дунд та хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж байгаа “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн дагуу мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр цааш задруулахгүй байх үүрэгтэй.
  • Үнэн зөв байдал: Сурталчилгаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар худал, бусдыг төөрөгдүүлсэн байж болохгүй. Хэрэв олон дагагчтай хүнээр сурталчилгаа хийлгэх бол аль аль тал нь нэр хүндийн эрсдэлээ бодууштай.
  • Дижитал сурталчилгааны ёс зүйн код: Сурталчилгаа хүлээн авагч талд мэдээллийг цаашид хүлээн авахгүй байх сонголтыг үргэлж үлдээж байх хэрэгтэй. Энэ нь ихэвчлэн хүлээж авч буй сувгаас хамаардаг. Жишээ нь, гар утасны үүрэн телефоноор дамжуулан ирж байгаа мессежүүдэд тусгай дугаарт ‘off’ гэж бичвэл дахин тэр дугаараас сурталчилгаа ирдэггүй, и-мэйл сурталчилгааны хамгийн доод буланд дахин и-мэйл авахыг хүсэхгүй бол ‘unsubscribe’ хийх сонголт заавал байдаг гэх мэтчилэн цахим орчинд ч мөн ёс зүйн код байдаг.

Эдгээр хуулийн заалтад тавих хяналтыг Оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн институциуд хяналт тавин ажилладаг бөгөөд төрөөс өөрсдийн санаачилагаар аль эсвэл бусдын санал гомдлын дагуу зар сурталчилгаанд хяналт тавин, буруутай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлэдэг.

Жишээ татвал манай улсад эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана гэж хуульд заасан байдаг. Гэтэл үйлчлүүлэгчдийг татах зорилгоор бонус санал болгосон, үр дүн амласан сурталчилгаа явуулснаар ШӨХТГ-аас торгуулсан эмнэлэг олон байдаг байна. Ялангуяа гоо сайхны мэс ажилбар хийгддэг газрууд эмнэлэг гэх нэршлийг ашигласнаас үүдэн ШӨХТГ-аас нэхэмжлэх гарган шалгагдаж түүнээс хойш клиник гэх албан ёсны нэршлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Уг кейс нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд том сургамж болсон нь лавтай 🤔

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

MicrosoftTeams-image (13).png