БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТУХАЙ ТАШАА ОЙЛГОЛТУУД
БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТУХАЙ ТАШАА ОЙЛГОЛТУУД2021-10-28

ТАШАА ОЙЛГОЛТ 1:

“Манай найз өөрийн гэсэн салонтой. Олон жил найзалсан юм чинь надад нэг үнэгүй үйлчилгээ үзүүлчих байлгүй дээ.”

“Найзууд хөнгөлөлт эсвэл үнэгүй юм хүсдэг, харин сайн найзууд төлбөрийг нь төлдөг”.

01.png

Бид өөрсдөө ч үүнийг анзааралгүй найзынхаа эсвэл нэг хамаатныхаа бүтээгдэхүүнийг үнэгүй авч болно гэж боддог. Гэтэл үүний цаана маш их хүч хөдөлмөр, цаг зав шингэсэн байдаг. Хийж байгаа хүн нь өөрөө санал болгосон ч хүндлэл болон дэмжлэг үзүүлж, хийж байгаа зүйлдээ улам сайжраасай, бизнес нь өргөжөөсэй, амжилттай яваасай гэх байр суурийг баримталдаг соёлыг бид өөрсдөөсөө эхлүүлнэ.

Тэгвэл дэмжлэг гэж юу юм бэ?

Хэдүүлээ дэмжлэг гэдгийг ямарваа нэгэн зүйлийг шударгаар үнэлж, тухайн төлбөрийг төлөх гэж ойлгоцгооё. Надад зориулж тал үнээр хийж байхад, өөр нэг хүн бүтэн үнээр захиалга өгөхөд завгүй учир татгалзах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Цаг заваа өөр зүйл хийхэд зарцуулж болох байсан ч тэрийг алдсан бол үүнийг алдагдсан боломжийн зардал гэж нэрлэдэг. Нөгөө талд таньдаг хүн тань өөрийн бизнесээ эхлүүлж байх үед шударга байж ямар нэгэн хөнгөлөлт авахгүй байх нь та өөрийгөө болон өрөөлийг хүндэлж байгаа соёл бөгөөд энэ соёл бий болсон үед “хөгжил” хажууханд алхаж байдаг.

ТАШАА ОЙЛГОЛТ 2:

“Цаадах чинь хувиараа бизнес эрхэлдэг гэсэн, бодвол чөлөөт цаг их гардаг байлгүй.”

“Та бизнес эзэмшдэггүй, харин бизнес таныг эзэмшдэг”

02.png

Өглөө 9-өөс оройн 6 цаг хүртэл ажилладаг байх үед урдах ажлаа хийхэд л хангалттай байдаг (ажил байхгүй үед харин ч баярлана) бөгөөд ажлаа тарсны дараа огт санаа зовохгүй байж болдог. Харин бизнесээ авч явж байх үед энэ бодлын урсгал зогсолгүй гэртээ харьсан ч ажлаа бодсоор байх үе олон байдаг. Хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын цаг уян хатан байх талаар ярьж болох ч их бага байдаг талаар ярих нь буруу дүгнэлтэд хүргэж болзошгүй. Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд зарцуулсан цаг хугацаа бол тэдний амжилтыг хэмжих тийм ч сайн хэмжүүр биш юм.

"Та бизнес эрхлэгч бол таны ажилладаг цаг ач холбогдолгүй хэмжүүр юм" гэж Стратежик Нуж компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Кристин Бейкер “Business News Daily”-д хэлсэн байдаг. "Та зорьсон зүйлдээ хүрэх хүртлээ ажиллана. Энэ бол таны анхны бүтээгдэхүүний нээлт, үйлчлүүлэгчдийн анхны борлуулалт, 100,000 ам.долларын эргэлт хийсэн эхний жил гэх мэт. Хэрэв энэ нь долоо хоногт 20 эсвэл 70 цаг шаардагддаг бол та тэр хүртэл ажиллах л болно”. Тиймээс бизнес эрхлэгчид өдөрт ажилдаа ирээд удалгүй тардаг хүмүүс огт биш юм. Тэд урдаа зорилго тавиад, зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай бүх цаг зав, хүч хөдөлмөрөө зориулж ажлаа хийдэг.

ТАШАА ОЙЛГОЛТ 3:

“Цаадах чинь өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн байна лээ. Угаасаа л мөнгөтэй байсан юм байна л даа...”

“Бүх бизнес эрхлэгч мөнгөтэй байдаггүй, харин ч ихэнх нь зээл авч бизнесээ хөл дээр нь босгосон байдаг.”

03.png

Бидний дунд нэг буруу ойлголт байдаг нь “Зөвхөн мөнгөтэй хүн л бизнес хийдэг” гэх ойлголт юм. Гэвч Inc5000 буюу хамгийн хурдацтай өсөж буй компаниудыг харахад, амжилттай яваа бизнес болон эхэлсэн мөнгөн дүнгийн хооронд хамаарал харагддаггүй. Харин ч 1000 ам.доллар болон түүнээс доош хөрөнгөтэй эхэлсэн бизнесүүд олон бий.

Нөгөө талаас жижиглэнгийн худалдаа эсвэл ямар нэгэн хөрөнгө шаардагдах бизнес модельд эхний хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд үүнийг шийдэж болох нэг санхүүгийн хөшүүрэг нь зээл. “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэх үг бидний дунд байдаг ч зээлийг ийнхүү ойлгох нь өрөөсгөл. Оронд нь зээлээ хувийн болон бизнесийн гэж ангилах хэрэгтэй.

  • Хувийн зээл нь ихэнхдээ үхмэл хөрөнгө болон хувирдаг. Тухайлбал, автомашин, байр орон сууц, зурагт гэх мэт. Худалдаж аваад огт хэрэглэдэггүй, хөнгөлөлтийн цаас наах төдийд л үнэ цэн нь 20-30 хувиар буурдаг бүтээгдэхүүн авахын тулд бид зээл авах нь түгээмэл.

  • Бизнесийн зээл нь эсрэгээрээ хөрөнгө эргэлдүүлж өсгөх зорилготой учир жижиг бизнесүүдэд эргэлт нэмэгдүүлэх, улирлын зогсонги байдлаа нөхөх, бизнесээ өргөжүүлэх зэрэг эерэг нөлөө авчрах боломжтой (хэрэв зөв удирдаж чадвал).

Тиймээс бид ямар зорилгоор, юунд зарцуулахаар зээл авч байгаагаа сайн ойлгож, төлөвлөж чадвал энэ хөшүүргийг маш ашигтайгаар эргүүлж чадах боломж олон бий.

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 500,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

functions 4x5_BL.jpg