Ажил амьдралын баланс
Ажил амьдралын баланс2021-11-24

Хариулахад хэцүү асуултууд болон ажил амьдралын тэнцвэртэй байдал

The Alternative Board-с явуулсан судалгаагаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн:

  • 30% нь долоо хоногт 50-аас дээш цагаар
  • 20% нь 60 болон түүнээс дээш цагаар ажилладаг гэж хариулжээ.

Судалгаанд хамрагдагсдын бараг 80% орчим нь хэт их ажиллаж байгаа юм шиг санагддаг гэжээ. Мөн тэд өөрөө өөртөө дарга байх дуртай аж. Нийт бизнес эрхлэгчийн 51.5% нь 09:00 - 18:00 ажлын цагийн хуваариас залхсан байв. Тэд харин өөрсдийн бизнесээ эхлүүлснээр илүү тэнцвэртэй ажил амьдралын хуваарьт шилжинэ гэж итгэж байжээ. Тэр ч гэхдээ юу л бол...

Яагаад гэж үү? Үүний гол шалтгаануудын нэг нь бизнест тулгардаг төвөгтэй, бүтээлч ажлуудыг тэд өөрсдөө л хийж чадна гэж боддогтой холбоотой.

The NodeSource байгууллагаас жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгааны үр дүнд тэдний 76% нь өөрсдийгөө бүтээлч сэтгэлгээ сайтай хэмээн дүгнэсэн байна. Энэ нь ч үнэн юм. Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтэд жижиг дунд бизнес эрхлэгчдийн тархины бичлэгийг хийхэд тэдний баруун, зүүн хоёр тархины хоорондын шилжилт нь жирийн хүнийхээс өндөр байсан бөгөөд энэ чадвар нь тэднийг асуудалд илүү бүтээлчээр хандахад тусалдаг байна.

Photo 1.png

Тэгвэл ажил амьдралаа бага ч гэсэн тэнцвэржүүлэхэд туслах хэдэн зөвлөгөөг санал болгоё:

1. Ажлуудаа ач холбогдлоор нь ангилах

Өөрт байгаа бүх ажлаа ач холбогдлоор нь жагсаа. Ингэснээр хамгийн чухал ажлуудаа нэн тэргүүнд хийх боломжтой болно. Бүх ажлаа ийнхүү дүгнэх амаргүй ч та өөртөө үнэнч байсан цагт эрэмбэлэх ажилд аажимдаа дадах болно.

2. Ажлуудаа бусдад шилжүүлж сурах

Гэр чинь тоосонд дарагдчихсан байна уу? Оюутан дүүгээ дуудаад гарын мөнгө өгөөд л гэрээ цэвэрлүүлчих. Хүнсээ цуглуулж амжихгүй байна уу? Интернетээр захиалаад гэртээ хүргүүлээд аваарай. Онлайн дэлгүүрээ ажиллуулж, хүмүүст хариу өгч амжихгүй байна уу? Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжид хөлсийг нь өгөөд ажиллуулаад үз.

Та ганцаараа бүгдийг хийх гэж бүү зүтгэ, ажилд чинь тусалж чадах сайн баг бүрдүүлээрэй. Бизнес урагш явахад дан ганц хүний мэргэн санаанаас илүү өөр өөр хүмүүсийн санаа бодол, туршлага ямагт хэрэг болно.

3. Амралт авч сурах (Тиймээ, та зөв уншсан)

Шинээр бизнес эхлүүлэхэд та л бүх ажлыг нь нугалах хэрэгтэй болно. Бизнесээ өөрийн хүүхэд мэт хайрлаж бусдад итгээд үлдээх ч хэцүү санагдана.

Гэхдээ шударга байцгаая. Итгэл хүлээлгэчихээр ажилтан байхгүй байгаа нь өөрөө том асуудал юм. Найдвартай сайн ажилтнууд таны бизнесийн амин сүнс бөгөөд тэдэнд найдаад тайван ажлаасаа хөндийрч сурах нь бизнес, хувийн амьдрал болон эрүүл мэндэд чухал үр нөлөөтэй.

Кевин Круйзийн явуулсан судалгаагаар амжилттай яваа 300 жижиг дунд бизнес эрхлэгч, олимпын тамирчид, шилдэг оюутнуудыг харьцуулахад тэд нэг л зүйлээрээ адилхан байсан нь унтах, амрах болон шаардлагатай үед хийж буй ажлаасаа хөндийрч чаддаг байх дадал байв.

4. Шинэ хоббитой болох

Таны сонирхлыг татах өөр зүйл олж хийснээр ажил амьдралын тэнцвэртэй байдалд ороход илүү хялбар болно. Энэ нь юу ч байж болох бөгөөд ууланд алхах, онлайн сургалтад суух, сайн дурын ажил хийх эсвэл зүгээр л гэр бүлийнхэнтэйгээ арай их цаг өнгөрөөх ч байх боломжтой.

Таны бизнесийн амжилттай байдал таны эрүүл мэндээс шууд хамааралтай бөгөөд сэтгэцийн эрүүл мэнд, амар тайван байдал үүнд тун чухал үүрэг оролцоотой гэдгийг бүү мартаарай.

5. Үгүй гэж хэлж сур

Бүх зүйлд тийм гэж хариулсаар байгаад нэг мэдэхэд ганцаараа хийж амжихааргүй маш их ажилтай болчихсон байдаг. Тэгвэл хааяа үгүй гэж хэлж сурах нь амьдралыг хөнгөвчилнө. Тэгвэл яаж зөвөөр үгүй гэж хэлж сурах вэ?

Энэхүү зөвлөмжүүдийг “The art of saying no” номоос хүргэж байна:

Ангилалд оруулах

Та хэн нэгэнд "Би чадахгүй", "Би амжихгүй" гэж хэлэхдээ үүнийгээ ангилалд оруулахад нөгөө хүндээ эерэгээр тусдаг. Жишээлбэл:

  • "Би зөвхөн Лхагва гарагт ярилцлага хийдэг."
  • "Би ойрын 1 сар шинэ санал хүлээж авахгүй байна."

Өөртөө амлалт өгсөн

Та хэн нэгэнд үгүй гэж хэлэхдээ үүнийгээ өөртөө өгсөн амлалттайгаа холбовол нөгөө хүндээ ойлгуулахад маш хялбар байх болно:

  • "Уучлаарай, би ажлын бус цагаар ажлаа хийхгүй гэж өөртөө амласан."
  • "Би энэ сар гурилан бүтээгдэхүүн идэхгүй байхыг хичээж байгаа."

Хариу санал тавин татгалзах

Хэн нэгний, ялангуяа таны харилцааг маш их үнэлдэг хүний хүсэлтэд шууд "үгүй" гэж хэлэхийн оронд хариу санал тавин "үгүй" гэж хэлээрэй. Тухайлбал:

  • "Би одоогоор үүнийг хийх боломжгүй байна. Гэхдээ би таныг тусалж чадах хүнтэй нь холбоод өгье."
  • "Надад энэ ажлыг бүгдийг нь хийх цаг алга. Гэхдээ аль нэгэнд нь тусалж болно шүү."

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 500,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

03-business.jpg