Цар тахлын улмаас бизнесүүд борлуулалтын сувгаа онлайн болгохоос өөр аргагүйд хүрсэн. Дэлхий даяар бизнес эрхлэгчид дээрх өөрчлөлтөд хэрхэн дасан зохицсон нь 2020 онд нийт онлайн борлуулалт 27.6 хувиар өссөнөөс харагдах биз ээ. Одоогоор нийт борлуулалтын 14.1 хувийг онлайн худалдаа эзэлж байгаа бол 2023 онд 22 хувьд, 2040 онд 95 хувьд хүрэх таамаг гарчээ.
Биет дэлгүүрээс гадна онлайн борлуулалтын сувагтай болсноор бизнесээ томруулах нэгэн гарц нээгдэж улмаар үйлчлүүлэгчид ч заавал дэлгүүрт очих шаардлагагүй, утсаараа хүссэн бараагаа төвөггүйхэн худалдан авах боломжтой болсон. Нөгөө талаас, та хэрэглэгчдийнхээ талаар дата мэдээлэл цуглуулан үнэнч хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх давуу талтай. Эсрэгээрээ харилцагчийн давуу талаас дурдвал:
- Өдрийн аль ч цагт таны бүтээгдэхүүн үйлчилгээг хүссэн төхөөрөмжөөсөө үзэх
- Бүтээгдэхүүний өргөн сонголт
- Хүссэн үедээ хаа байгаа газраа хүргүүлж авах
Энэ бол үйлчлүүлэгчдэд анхаарал хандуулж, сэтгэлд нь хүрч үйлчлэх нэгэн арга.
Уламжлалт хэлбэрийн дэлгүүрээс эхэлсэн бизнестээ давхар онлайн хэлбэрийг хослуулан үйл ажиллагаа явуулж байгаа бидний мэдэх олон компанийн жишээ бий. Эдгээр компаниуд тэрхүү шилжилтээс ямар туршлага олж авсан талаар сонирхъё.
Rolex
Rolex брэнд нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн үйлчлүүлэгчдийн дунд нэр хүндээ амжилттай бий болгосон. Тус компани нь өөрийн нэрийн салбар дэлгүүртэйгээс гадна онлайн дэлгүүртэй. Онлайн дэлгүүрийн бүтээгдэхүүнээ хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг тусгай компаниар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг.
Үүний шалтгаан нь өрсөлдөгч олон компаниас ялгарах, хэрэглэгчдэд “Брэнд” гэдгийг нь мэдрүүлэхэд оршиж байгаа юм. Түүнчлэн цагаа маш чанартай материалаар хийж, чанарыг эрхэмлэхээ байнга урьтал болгодог. Учир нь хүмүүс муу материалаар хийсэн дуураймал цаг борлуулах, онлайн дэлгүүрээс авснаа дамлан цааш зарах гэх мэт асуудлууд гарах аюултай. Дээрх үнэт зүйлээ хадгалаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн Rolex онлайн дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн үнэнч, найдвартай байдлыг дээшлүүлж, тэднийг дэлхийн хамгийн сайн чанарын цагийг итгэлтэйгээр зүүх боломжийг олгосон.
Nike
Nike-ийн хувьд бөөний худалдаанаас олж авч чадаагүй ч онлайн орчны тусламжтай олж авч чадсан гурван үр дүнг танилцуулъя.
- Тэд жижиглэн худалдааны хамтран ажиллагчидтайгаа л харилцдаг байсан болохоос биш сая сая хэрэглэгчтэйгээ ямар ч холбоо сүлбээгүй байлаа. Nike брэнд өсөн дэвжиж, байр сууриа хадгалахын тулд хэрэглэгчидтэйгээ илүү ойртох арга замыг хайх хэрэгтэй болжээ. Орчин үеийн худалдааны суурь нь мэдээж хэрэглэгчийн дата мэдээлэл. Сайт руу хэр давтамжтай орж байгаа, сагсанд нэмэгдсэн бүтээгдэхүүнүүд нь юу болох, ямар бараа худалдан авсан гэх зэрэг мэдээлэл нь бүгд хэрэглэгчийн зан төлөвийг илрүүлэх хэлбэр болдог.
- Amazon-той хийсэн гэрээний гол шалтгаан нь Nike-ийн брэндийнхээ дүр төрхийг гуравдагч этгээдийн худалдаа эрхлэгчид алдах вий, мөн хуурамч бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн бүтцэд нь өөрчлөлт оруулах вий гэдгээс сэргийлсэн хэрэг юм.
- Nike-ийн онлайн худалдааг онцолсон гуравдах шалтгаан бол цэвэр ашиг. Merriman-ийн шинжээчдийн үзэж байгаагаар, бөөнөөр бараа борлуулахад дунджаар 38%-ийн ашигтай байдаг бол онлайн худалдаагаар 62% хүртэлх хувийг хүртэж болохыг тогтоожээ.
Culture Kings
Culture Kings компани нь чөлөөт хувцас борлуулдаг Австралийн компани бөгөөд мэдээж салбар дэлгүүрүүдтэй. Тус компани хэрэглэгчдийг биет дэлгүүрт орсон мэт мэдрэмжийг онлайн дэлгүүрээр ороход нь хэрхэн өгөх талаарх сорилттой тулгарсан.
Ийнхүү Shopify Plus-ийн тусламжтайгаар брэндийнхээ онлайн худалдааны бүтцээ шинэчилж, долоо хоног бүр сайтдаа төрөл бүрийн гэрэл зураг, видео бичлэг байрлуулж эхлэв. Улмаар Culture Kings-ийн дотоод багийнхан сайтад байрших хувцаслалтыг хэрэглэгч өөрсдөдөө тохируулж, биендээ байрлуулж болох “Shop The Look” хуудас болгон өөрчилсөн юм. Өдгөө дэлхийн хэмжээний дөрвөн том дэлгүүрээ хааж, онлайн руу шилжсэн Culture Kings-ийн орлогын 60% нь цахим худалдааны орлогоос бүрддэг.
Эсрэгээрээ, онлайн дэлгүүрийн эзэд яагаад биет дэлгүүрийг давхар ажиллуулах сонирхолтой байдаг юм бол?
21-р зуун та бүхэнд бизнес явуулах арга барилаа шинэчлэх, харин шинэ бизнес эрхлэгчдэд шинэлэг, өвөрмөц аргаар хэрэглэгчдэд өөрсдийгөө таниулах боломжийг олгоод байна. 1990 оны сүүлээс эхлэн хүмүүст танил болсон интернэт худалдаа нь аль хэдийн бидний амьдралын нэг хэсэг болжээ. Өдгөө Amazon, eBay-ийн талаар сонсоогүй хүн олдохгүй болов уу. Эдгээр компаниуд хурдацтай өсөн дэвжиж, дэлхийн хэмжээнд танигдсан шалтгаан нь тэд зөв цагтаа эхэлсэнд бий.
Уламжлалт бизнесүүд интернэтийг эхлээд бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор хэрэглэдэг байсан ч сүүлдээ онлайн дэлгүүрийн зориулалтаар ашиглах нь элбэгшсэн.
Цахим худалдааны аварга компани Amazon органик супермаркет сүлжээ дэлгүүр “Whole Foods Market”-ыг 13.7 тэрбум доллараар худалдан авсан. Олон жил онлайн худалдаа эрхэлсэн Аmazon хувьд биет дэлгүүрийн бизнест орж ирсэн нь олон давуу тал авчирчээ. Харин Whole Foods-ийн хувьд Amazon-ы технологи, үйл ажиллагааны туршлагын дагуу үйл ажиллагааны зардлаа их хэмжээгээр бууруулах боломжтой болсон аж. Үүнээс гадна AmazonGo дэлгүүрийн кассгүй технологи нь удахгүй нэвтрэх гэх зэрэг биет дэлгүүр нь технологийн давуу эрхийг эдлэх гарц нээгдэж байгаа юм.
(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)