Манай улсад 2021 оны байдлаар 90 гаруй мянган аж ахуйн нэгж (ААН) бүртгэлтэй байна. ААН байгуулах үйл явц энгийн ч компанийнхаа нэрийг өгөх дээр “ноён нуруу хугарах” явдал гардаг 🤭
Харин арайхийж санаа нийлсэн нэрээ онлайнаар хайхад давхцаагүй бол бусад нь ч аяндаа бүтнэ. Гэтэл нэрээ өгөөд компаниа үүсгэн байгуулчихаад дараа нь ямар үйл явц өрнөдөг талаарх гарын авлага байдаггүй тул будлих явдал цөөнгүй гардаг. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр компаниа үүсгэн байгуулсны дараа туулдаг үйл явцыг өртөөчлөн харууллаа.
1. Улсын бүртгэлийн ерөнхий газар: 🏢
Тоглоомын дүрмээ боловсруулчихаад, бид энэ дүрмээр анх ингэж эхэлсэн гэдгээ баталгаажуулах газар юм. Хэрэв ганцаарчилсан тоглолт хийх бол шийдвэр гарган, олуулаа хамтрах бол хуралдан баталсан тогтоолоо барьж очин баталгаажуулна. Гэрчилгээ, батлуулсан дүрмээ авсны дараа тамгаа захиалж, банкинд дансаа нээлгэх эрхтэй болно.
2. Санхүү, төрийн сангийн хэлтэс: 🏛️
Улсын бүртгэлд бүртгүүлсэн харьяаллын дагуу дүүргийнхээ санхүү, төрийн сангийн хэлтэст бүртгүүлсэн цагаас хойш танай байгууллага НББ-ийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлангаа төрд тайлагнах үүрэг хүлээнэ.
3. Татварын хэлтэс: 🏦
Компаниуд хуулийн дагуу ААН-ийн орлогын албан татвар (ААНОАТ), Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг суутган дамжуулагчийн үүргээр, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), зарим онцгой бараа бүтээгдэхүүн борлуулдаг бол Онцгой албан татварыг (ОАТ) тайлагнан төлөх үүрэг хүлээнэ. Татварын орлогоор улсын төсвийг төвлөрүүлэхээс гадна НӨАТ-аар нийт хүн ам болон ААН-ийг нэгдсэн баланст оруулж сүүдрийн эдийн засгийг багасгах, мөнгөний урсгалыг төрийн хяналтад байлгах зорилгоор нэгдсэн тогтолцоонд оруулдаг.
4. Нийгмийн даатгалын газар: 💰
Компаниа байгуулаад ажилчид бүртгээгүй хэр нь үйл ажиллагаа явуулдаг ААН олон байдаг. Нийгмийн даатгалын хувь хэмжээ өндөр байдаг нь ажил олгогч, ажилтан аль аль талдаа санхүүгийн дарамт учруулж байгаа ч ажилчдын тогтвортой ажиллах үндсэн шалтгаан болдог. Учир нь даатгалын шимтгэлд тэтгэврийн сангаас гадна ажилгүйдлийн, гэнэтийн ослын, эрүүл мэндийн даатгал багтдаг учир ажилтнуудад олон давуу талтай.
5. Тусгай зөвшөөрөл: 🖊️
Хэрэв тусгай зөвшөөрөл шаардлагатай үйл ажиллагаа эрхлэх бол холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөө авсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Мэдээлэл Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хуульчдын холбоо гэх зэрэг эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэн зохих стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллах шаардлагатай байдаг.
Дээрх заавал дамжих шат процессууд дундаас ихэнх жижиг, дунд ААН-үүд татвар болон нийгмийн даатгалыг аль болох төлөхөөс, бүртгүүлэхээс зайлсхийх арга замыг хайдаг. Гэтэл Засгийн газраас дэмжлэг болгон олгодог хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламжид ААН-үүдийг нийгмийн даатгал төлөгч, НӨАТ төлөгч заавал байх гэсэн заалтууд тусгасан байдаг. Мөн тендерт оролцож байгаа байгууллагын ажилчдын тоог НДЕГ-ын лавлагаагаар, тогтвортой борлуулалтын орлоготой эсэхийг НӨАТ төлөлтийн тайлангаар баталгаажуулдаг. Иймд НӨАТ төлөгч болсноор ямар ач холбогдолтой талаар дэлгэрүүлж үзье.
НӨАТ төлөгч аж ахуйн нэгж болсноор:
Борлуулалтын жилийн орлого нь ₮50 сая хүрвэл тухайн байгууллага НӨАТ төлөгч болдог ч ААН-үүд харилцахаар биш бэлнээр бүртгэл хийн, орлогоо өссөн дүнгээр тайлагнахаас зайлсхийж хойшлуулсаар байдаг. Гэвч бүх төлбөр тооцоо цахим систем рүү шилжиж буй энэ үед нийлүүлэгч, харилцагч, үйлчлүүлэгчийн цахим гинжин хэлхээнээс мултрах аргагүй билээ. Харин НӨАТ төлөгч болохын давуу талыг олж харсан бол ААН-үүд борлуулалтын орлого нь ₮10 сая хүрвэл сайн дураар НӨАТ төлөгчөөр бүртгүүлж болох боломж бас бий.
НӨАТ-ыг төлөгч нь эцсийн хэрэглэгч байдаг.
Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хоорондоо худалдаа үйлчилгээ нэмэгдсэн өртөгтэйгөөр борлуулалт хийдэг бол уг татварыг төлөгч нь эцсийн хэрэглэгч буюу хувь хүмүүс байдаг бөгөөд хэрэглээнд ногдох татвараа төлдөг. Өөрөөр хэлбэл бараа, ажил үйлчилгээг үзүүлж буй ААН-үүд татварыг хураан авч, тайлагнагчийн үүргийг гүйцэтгэдэг юм.
Импортоор авсан бараанд НӨАТ-ын хасалт хийлгэх боломжтой.
Импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд гаалийн татварт 5 хувь, НӨАТ-д 10 хувь төлдөг. Хэрэв тухайн байгууллага НӨАТ төлөгч биш бол эцсийн хэрэглэгч болж татвараа төлнө. Харин НӨАТ төлөгч мөн бол байгууллага дээр үүссэн НӨАТ-ын авлагаасаа хасалт хийлгэх боломжтой.
НӨАТ-ын өр, авлагыг шилжүүлэх.
Байгууллага худалдан авалт бүртээ НӨАТ шингэсэн үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авдаг. Уг татварын хэмжээ хуримтлагдан тухайн байгууллагад авлага болон бүртгэгддэг бол өөрсдийн үзүүлж байгаа бүтээгдэхүүний борлуулалтдаа НӨАТ шингээн өглөг үүсгэдэг. НӨАТ-ын тайланг сар бүр татварын албанд тайлагнадаг шүү дээ. Ингэхдээ уг татварын өглөг авлагын зөрүүг бодож тайлагнах ба авлагатай гарвал дараа сардаа шилжүүлэн, өглөгтэй гарвал уг зөрүүг төлнө. Давуу тал нь олон улирал дараалан НӨАТ-ын авлагатай гаран дараа сардаа шилжүүлбэл бусад төлөх ёстой ААНОАТ, суутган төлөх ёстой ХХОАТ-ын өрөндөө шилжүүлэн төлөх боломжтой байдаг.
Тоон гарын үсэг ашиглах.
Төрийн ихэнх үйлчилгээ цахим хэлбэрт шат дараатайгаар шилжсээр ирсэн. Татвар болон санхүүгийн тайланг тоон гарын үсэг ашиглан цахимаар илгээгээд багагүй хугацаа өнгөрсөн бол нийгмийн даатгалын тайланг ч мөн тоон гарын үсгээр илгээж ажилчид буюу даатгуулагчид дэвтэр дээр тэмдэглэгээ, тушаал бичүүлэх шаардлагагүй болж цахимжаад байна. QR код нь захирлын гарын үсэг, байгууллагын тамгыг орлож Улсын бүртгэл болон бусад төрийн үйлчилгээнд ашиглах тоон гарын үсгийн нэгдсэн нэг төхөөрөмжөөр илгээдэг болж байгаа нь олон ч нягтлан бодогч, захирлуудын нурууг тэнийлгэсэн оновчтой ажил болж байна.
(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)