Баялаг зөвхөн мөнгөн хэлбэрээр оршин тогтнодоггүй бөгөөд бэлэн мөнгө, хувьцаа, өмч үүнд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө гэх мэт олон хэлбэрт хөрвөдөг. Гэвч эдгээр олон төлөвт байгаа бидний баялаг гадны нөлөөгөөр өсөж, хэд дахин нугарч аль эсвэл буурч үнэ цэнээ алддаг.
Хэдий та хөрөнгөө ухаалаг удирддаг нэгэн байлаа ч таны хөрөнгө эдийн засгийн тогтворгүй байдал, нийгэм улс төрийн нөлөөгөөр хэлбэлзэж байдаг. Энэ тодорхой бус байдлыг эрсдэл гэж нэрлэдэг 🚨
Зөв удирдаж, таамаглаж чадвал эрсдэл бүхэн алдагдал дагуулахгүй байж болно. Хэрэв эдийн засаг уналтад орж тогтворгүй байдал удаан үргэлжилбэл бизнесүүд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Зөвхөн бид ч бус дэлхий даяараа богино хугацаанд олон төрлийн давагдашгүй хүчин зүйлстэй нүүр тулж үзлээ. Цар тахал, дайны улмаас хил хаагдах, Засгийн газар халамжаа нэмж мөнгө хэвлэх, гадаад зах зээл дээр газрын тос, нүүрс, зэс гэх мэт байгалийн баялгийн үнийн хэлбэлзэл зэрэг инфляц өсгөх олон шалтгаан бий.
Иймд инфляц өндөр үед бизнесүүд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэйг зөвлөж байна.
Зохистой үнийн бодлого 💸
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж үлдэхийн тулд үнээ өсгөж төдийлөн чаддаггүй. Инфляц өндөр үед ашгийн маржиныг хамгийн өндөр байж болохоор бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг тохируулан өсгөх нь зүйтэй. Харин худалдан авагч, үйлчлүүлэгчдийн худалдан авах чадвар буурснаар бараа үйлчилгээний эрэлт багасна гэдгийг энэ үед анхаараарай.
Санхүүгийн хөшүүргээ зөв тооцоолох ✨
Санхүүгийн хөшүүрэг буюу өр төлбөр болон эздийн өмчийн харьцааг анхаарах зайлшгүй шаардлагатай. Учир нь инфляц өсөхөд нэрлэсэн хүү өснө. Иймд аль болох өртөг багатай санхүүжилт татах, зээлээр санхүүжихэд зээлийн бодит хүүгийн тооцоололд анхаарах шаардлагатай юм.
Эрсдэлийн сантай болох ☂️
Нийлүүлэлтийн гинжин хэлхээ саатах нь жижиг дунд бизнесийн хувьд хамгийн том эрсдэлүүдийн нэг юм. Хөрш орнуудын агаарын болон газрын хил хаагдахад, худалдах валютын хэмжээнд хязгаар тавигдах зэрэг тулгарч болзошгүй эрсдэлд зориулан бараа материалын, валютын нөөцтэй байх нь дараагийн алхам авах хугацаа олгох юм. Тийм ч учраас том байгууллагууд эрсдэлийн хороо болон сангийн бодлоготой байдаг билээ.
Санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглах 👨💼
Санхүүгийн деривативс буюу үүсмэл хэрэгслүүдийг банкинд гадаад валют, үнэт метал худалдах, худалдан авахад өргөн хэрэглэгддэг. Хувийн бизнесүүд ч мөн ханш тогтворгүй үед ирээдүйд учирч болох эрсдэлүүдийг фьючерсийн гэрээгээр хаах боломжтой. Бизнесүүд фьючерсийн гэрээг өргөнөөр ашигладаг. Өнөөдрийн ханшаар, өнөөдөр тохиролцсон үнээр ирээдүйд бараа бүтээгдэхүүнээ шилжүүлэхээр арилжааг аль аль талдаа ашигтай байдлаар хэлэлцээр хийж болно.
Жишээ нь барилгын компаниудын хувьд бараа материал улирлын чанартай үнэ нь хэлбэлзэж байдаг. Энэ тохиолдолд аль аль талдаа өнөөдөр ашигтай байдлаар ирээдүйд ханш эсвэл бараа материалынхаа үнийг тогтмол дүнгээр тохирон хэлэлцээр хийх арга барил юм.
Бодлогын хүүг ажиглах 👀
Мөнгөний бодлогоор олон зүйл тодорхойлогддог. Хүү, ханшийн хэлбэлзэл, эдийн засаг ирээдүйд агших уу, тэлэх үү гэдэг таамаглал төрөөс зохицуулагдах мөнгөний бодлогоор тодорхой болдог.
Инфляц хэт өндөр, эдийн засаг тогтворгүй үед дээрх зүйлсийг анхаарч байх шаардлагатай. Санхүүгийн хямралыг урьдчилан таамаглагч, дохиологч үзүүлэлтүүд байдаг бөгөөд аль салбарт бизнес эрхлэхээс үл хамааран макро эдийн засгийн байдлыг ажиж байх нь олон талаар ашигтай.
Афтерворк Ассошейтс I Б. Батчимэг
(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)