Компаниуд богино, дунд, урт хугацаандаа төлөвлөгөө гарган түүндээ хүрэхийн төлөө ажилладаг. Гэвч төлөвлөгөөндөө хүрсэн эсэхээ хэрхэн мэдэх вэ? Зөв төлөвлөгөө анхнаасаа гаргасан байсан уу, замын дундаа зорилтоосоо хазайсан уу зэрэг олон асуултад хэрхэн хариулах вэ? Олон сар, жил хамаг нөөцөө шавхаж ажилласны эцэст буруу зүйл хөөж байснаа ойлгохоос сэргийлэхийн тулд гүйцэтгэлийн гол шалгуур үзүүлэлт буюу KPI-ийг бизнестээ тохируулан боловсруулах хэрэгтэй 🧐
MIT Sloan-ийн (Массачусетсийн Технологийн Институт - Бизнесийн сургууль) судалгаагаар шийдвэр гаргах түвшний 3,200 хүнээс санал асуулга авж, 18 хүнтэй ярилцлага хийхэд дэлхий дахинаа бизнесийн лидерүүдэд тулгамдаж байгаа менежментийн асуудал бол тактикийн болон стратегийн KPI, санхүүгийн болон үйл ажиллагааны KPI-ийн тэнцвэрийг олох, ирээдүйг урьдчилан таамаглах, одоогийн процессийг хамгийн сайн илэрхийлэх KPI-ийг олох гэжээ.
Учир нь KPI-ийн зорилго нь арын толиндоо өнгөрснөө харах бус алсыг харсан, таамаглах зорилготой байдаг билээ. Мөн байгууллагын удирдлагуудад бонус болон ирдэг чухал зүйл бол KPI-ийг ажилчид өөрсдөө тодорхойлсноор байгууллагын зорилгыг ойлгоход хялбар болж тэдний сурах болон хамтран ажиллах соёлыг бий болгох, батжуулах үндэс болдог.
KPI ямар байвал зохистой вэ?
Хамгийн чухал нь KPI энгийн ойлгомжтой, цөөхөн үзүүлэлт байх тусмаа сайн бөгөөд хэт нүсэр, ойлгомжгүй байснаар зорилгодоо хүрэхэд улам л бэрх болно.
Түгээмэл хэрэглэгддэг KPI-н хэд хэдэн жишээг энд дурдъя 👀
Маркетингийн KPI
- Веб сайт зочлогсдын тоо /сараар/
- Хайлтын систем дээр түлхүүр үгээр эхний 10 байранд гарч ирэх
- Брэнд таниулах кампанит ажлын хувьд олон нийтийн сүлжээн дэх сошиал хуудсыг шинээр дагагчдын тоо, тэд сэтгэгдлээ, эмоци, хүрсэн хүмүүсийн тоо
- Үйлчлүүлэгчийн амьдралын мөчлөг (Customer lifetime value - CLV) Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнд үйлчлүүлэгчийн зарцуулж болох нийт мөнгөн дүнгээр илэрхийлэгдэнэ.
- Үйлчлүүлэгч татах өртөг (Customer Acquisition Cost - CAC) гэх мэт.
Санхүүгийн KPI:
- Орлогын өсөлт (дүнгээр, хувиар)
- Цэвэр ашгийн маржин
- EBITDA (Earnings before interest, tax, depreciation and amortization) буюу зээлийн хүү, татвар, элэгдэл хорогдол тооцохын өмнөх ашиг гэх мэт.
Хүний нөөцийн KPI:
- Дундаж цалин
- Ажилчдын дундаж сэтгэл ханамж
- Ажилчдын эргэцийн тоо (нэг ажилтны ажилд орохоос гарах хүртэлх хугацаа)
- Шинэ ажилтны сургалтын үр дүнгийн хэмжүүр гэх мэт.
Энэ мэтчилэн зөвхөн санхүү, маркетинг, хүний нөөцөөр хязгаарлагдахгүй борлуулалт, харилцагч үйлчлүүлэгчийн салбар, үйл ажиллагаа, сошиал медиа кампанит ажлууддаа тохируулан KPI-г тодорхойлж болно.
Бизнесийн мэргэжилтнүүдийн санал нэгддэг, KPI-г тодорхойлоход анхаарах зургаан дүрмийг авч үзье: 👩🏫
- Шинэ төсөл эхлүүлэх бүртээ хамгийн эхлээд гол KPI аль эсвэл амжилтаа хэрхэн хэмжих хэмжүүрийг тодорхойлох: Жижиг дунд бизнесийн хувьд KPI-р
- Төсөл
- Процесс
- Кампанит ажил
- Стратеги төлөвлөлтийн өөрчлөлтийг хэмжиж болно.
- Төсөл бүрт KPI гаргах: Тухайн төслийн үр дүнг шууд тоолох боломжгүй байсан ч ямар нэгэн хэмжүүрээр хэмжигдэх ёстой.
- Багийн бусад гишүүдэд ойлгогдохуйц байдлаар KPI-ийг тодорхойлох: Ингэснээр ажилтан бүр нэг хэлээр ярьж байгаа мэт ойлгомжтой болно. Мөн тэдэнд ажлаа чухлаар нь эрэмбэлэхэд илүү хялбар болох юм.
- KPI-аа дахин, дахин нягтал: KPI-ийг нэг удаа тодорхойлоод л түүнийгээ шалгахгүй найдлага тавьж дагах нь сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тогтмол сайжруулдагтай адил KPI-аа ч мөн дахин, дахин сайжруул.
- KPI үр дүндээ хүрэхэд саад болж буй гол асуудлыг тодорхойлох.
- Хэмжих үйл явцаа байгууллагадаа соёл болгон хэвшүүлээрэй: Ажилчид хувь хүний хүчин чармайлт төсөлд, багт, цаашлаад байгууллагын амжилтад хэрхэн нөлөөлж байгааг мэдэх нь чухал. Боловсруулсан хэмжүүрээ аль нь ажиллаж байна, аль нь чухал вэ гэх мэт боловсруулалт дээр хамтран ажилласнаар энэхүү үйл явцыг байгууллагын соёл болгон хэвшүүлж суралцах процесст илүү оролцоотой болгох хэрэгтэй.
Олон хэмжүүрийг нэгтгэн нэг гол KPI-ийг боловсруулсан ч болно. Гол нь гарсан үр дүн нь танай байгууллага юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ, юу танайд амжилттай ажиллахад ихэд нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг дохиолдог, урьдчилан хэлж өгдөг тоог гаргаж аваарай.
Б. Батчимэг I Афтерворк Ассошейтс
(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)