“Юунд үрснээ ч мэдэхгүйгээр нэг л мэдэхэд цалин дуусчихсан” гэх яриаг бид хаа нэгтээ байнга л сонсдог. Гэхдээ энэ асуудал бизнес эрхлэгчдэд тулгарах нь ч бий. Аливаа зүйлийг хэмжиж байж үр дүн нь тооцоолж болдгийг амжилттай яваа компаниудаас харж болно. Ялангуяа жижиг бизнесүүдийн хувьд шийдвэр гаргалт бүр санхүүгийн үзүүлэлтүүдэд нь шууд нөлөөлж байдаг. Тэгвэл санхүүгийн зөв шийдвэр гаргахад туслах аргуудыг мэдэж авцгаая.
Өртөг, өгөөжөө хэрхэн тооцоолох вэ?
Бизнест түгээмэл хэрэглэгддэг аргуудын нэг бол өртөг-өгөөжийн шинжилгээ юм. Уг шинжилгээг хийхийн тулд эхлээд тухайн шийдвэр эсвэл төсөлтэй холбоотой бүх зардлыг тодорхойлох ёстой. Үүнд материал, цалин зэрэг шууд зардал болон алдагдсан боломжийн өртөг гэх мэт шууд бус зардлууд багтаж болно. Үүний дараа та тухайн төсөлтэй холбоотой бүх ашгийг тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл бүх төрлийн орлогууд, зардал хэмнэлт, мөн үйлчлүүлэгч болон ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зэрэг санхүүгийн бус ашиг ч орно.
Бүх зардал, үр ашгийг тодорхойлсны дараа өгөөж нь зардлаа давж буй эсэхийг тодорхойлохын тулд хооронд нь харьцуулна. Үүнийг цэвэр өнөөгийн үнэ цэн буюу NPV-Net Present Value /төслийн үр ашиг нь 1000$ байх бол жилийн дараа хэр үнэ цэнтэй байх вэ гэдгийг мэдэх арга/ тооцоолох замаар хийж болно. Энэ нь мөнгөн дүнгийн цаг хугацааны дараах үнэ цэнийг харгалзан үзэхийг хэлнэ. Аливаа шийдвэр гаргалт, төслийн ирээдүйн зардал, үр ашгийг өнөөгийн үнэ цэнд буулгаж, дараа нь үр ашгаас зардлыг хасах замаар цэвэр өнөөгийн үнэ цэнийг тооцоолдог. Хэрэв төслийн цэвэр өнөөгийн үнэ цэн эерэг байвал төслийн үр ашиг нь зардлаас давж гарах бөгөөд энэ нь сайн хөрөнгө оруулалт болсон гэж ойлгож болно.
Жишээ нь, та шинэ машин худалдаж авах талаар бодож байна гэж төсөөлье. Шинэ машин нь 60.00000₮ бөгөөд түлш бага зарцуулдаг тул түлшний зардалд сард 400.000₮ хэмнэхээр болов. Та шинэ машинаа 5 жил унана гэж бодвол 5 жилийн хугацаанд нийт ₮400.000 * 12 сар * 5 жил = ₮24 саяыг хэмнэж байна гэсэн үг.
Дараагийн алхам бол ирээдүйн өгөөжийг одоогийн үнэ цэнд нь буулгах. Үүнд Discount rate (Ирээдүйн мөнгөн урсгалуудын одоогийн үнэ цэнийг олоход ашигладаг хүүний түвшин) ашиглана. Жишээ нь 5 хувийн Discount Rate дээр хэмнэсэн ₮24 саяыг тооцвол:
₮24.000.000 / (1 + 0,05)^5 = ₮18.800.000 байх болно.
Шинэ машин худалдаж авах шийдвэрийн одоогийн цэвэр үнэ цэн нь ₮18.8 сая, зардал нь ₮60 сая, цэвэр ашиг -₮41,2 сая болж байна. Шинэ машин худалдаж авах зардал нь ашиг тусаасаа ₮41,2 саяар давах төлөвтэй байна гэсэн үг. Энэхүү дүн шинжилгээнд үндэслэн тухайн хүн шинэ машин худалдаж авах нь тийм ч сайн хөрөнгө оруулалт биш гэж үзэж болно. Энэ бол өртөг-өгөөжийн шинжилгээг хэрхэн хийж болох энгийн жишээ юм. Бодит нөхцөл байдалд илүү олон зардал, ашиг тусыг авч үзэхээс гадна илүү урт хугацаа, өндөр хувь хэмжээ байх боломжтой.
Хөрөнгө оруулалтын өгөөж
Хөрөнгө оруулалтын өгөөж нь хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэхэд ашигладаг санхүүгийн хэмжүүр. Хөрөнгө оруулалтаас олох ашиг алдагдлыг хувиар илэрхийлсэн анхны хөрөнгө оруулалтын зардалд хувааж тооцно. Хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байх тусам хөрөнгө оруулалт илүү үр дүнтэй байдаг.
Жишээ нь, та хувьцаанд ₮10 саяыг хөрөнгө оруулаад жилийн дараа ₮12 саяар зарсан гэж бодъё. Ингэхдээ жилийн турш ₮500 мянгын ногдол ашиг авчээ. Энэ хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолохын тулд бид хөрөнгө оруулалтын ашиг, алдагдлыг болон хөрөнгө оруулалт хийсэн хугацааг харгалзан үзэх шаардлагатай.
Хөрөнгө оруулалтын ашиг, алдагдлыг эцсийн борлуулалтын үнээс анхны хөрөнгө оруулалтыг хасаж тооцно. Өөрөөр хэлбэл ₮12 саяас ₮10 саяыг хассанаар ₮2 сая болно. Хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолохын тулд бид ашиг, алдагдлыг анхны хөрөнгө оруулалтад хувааж, 100 хувиар үржүүлж, хувиар илэрхийлнэ. Энэхүү жишээн дээр ₮2 саяыг ₮10 саяд хувааснаар хөрөнгө оруулалтын өгөөж 20% гэж гарч ирнэ гэсэн үг. Хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоолол нь зөвхөн хөрөнгө оруулалтын санхүүгийн өгөөжийг харгалзан үздэг гэдгийг анхаараарай.
Өмчлөлийн нийт өртөг
Өмчлөлийн нийт зардал (Total cost of ownership) нь тодорхой хугацааны туршид бүтээгдэхүүн, үйлчилгээг олж авах, эзэмшихэд шаардагдах нийт зардлыг үнэлэхэд ашигладаг санхүүгийн хэмжүүр. Энэ нь урьдчилгаа худалдан авалтын үнийг төдийгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах, хадгалахад шаардагдах зардлыг харгалзан үзэх арга юм. Машин худалдаж авах жишээг эргээд харъя. Уг машиныг ₮60 саяар аваад 10 жил ашиглах боломжтой. Та засвар үйлчилгээнд жилд ₮5 сая, даатгалд ₮2 саяыг төгрөг зарцуулна. Харин мөнгөө өөр зүйлд зарцуулбал хөрөнгө оруулалтын 5%-ийн өгөөжтэй болно гэж үзнэ.
Автомашины өмчлөлийн нийт зардлыг /ӨНЗ/ тооцоолохын тулд бид 10 жилийн хугацаанд машин олж авах, эзэмшихтэй холбоотой бүх зардлыг харгалзан үзэх шаардлагатай. Машины анхны үнэ нь ₮60 сая, машины байнгын зардалд жилийн ₮5 сая, засвар үйлчилгээний зардалд ₮2 сая багтдаг. Арван жилийн хугацаанд эдгээр зардлууд нийлээд ₮70 сая болно.
Харин алдагдсан боломжийн зардал нь тухайн хүн мөнгөө өөр тийш оруулсан бол олж болох өгөөжийг хэлнэ. Уг жишээн дээр 10 жилийн алдагдсан боломжийн зардал нь ₮60 саяын 5%-ийг нийт 10 жилдээ үржүүлэхэд ₮30 сая болох юм. Ингээд машин эзэмших нийт зардал нь эдгээр бүх зардлын нийлбэр буюу ₮160 сая байна гэсэн үг.
Мэдээжийн хэрэг, энэ бол ӨНЗ хэрхэн тооцоолох энгийн жишээ бөгөөд бодит нөхцөл байдалд илүү олон зардал гарахаас гадна илүү урт хугацаа, хөнгөлөлтийн хувь хэмжээ өндөр байж болно. Мөн бүтээгдэхүүний найдвартай байдал, бат бөх чанар зэрэг санхүүгийн бус хүчин зүйлсийг харгалзан үзэх нь чухал.
Дүгнэж хэлэхэд
Хөрөнгө оруулалтын өгөөж, зардал-үр ашгийн шинжилгээ зэрэг санхүүгийн хэрэгслүүд нь хувь хүмүүс болон ААН-үүд санхүүгийн үндэслэлтэй шийдвэр гаргаж, санхүүгийн зорилгодоо хүрэхэд бага ч болов туслалцаа болох аргачлалууд юм. Та эдгээр хэрэгслийг туршаад өөрийн санхүүгийн тогтвортой байдалдаа анхаарал хандуулаарай.
(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)