Бизнесээ урт хугацаанд тогтвортой байлгах нууц 🌱
Бизнесээ урт хугацаанд тогтвортой байлгах нууц 🌱2024-04-29

Та марафон гүйлтэд бэлэн үү? Холын зайн гүйлтэд гарахад бэлтгэл хамгийн чухал байдаг шиг ямар хэмжээний бизнес эхлүүлж буйгаас үл хамааран таны бизнест ч мөн адил төлөвлөгөө тэр дундаа урт хугацааны цогц төлөвлөгөө зайлшгүй байх ёстой. Бизнесийг урт хугацаанд тогтвортой авч явна гэдэг асар их тэвчээр, нарийн ухаан, цөхрөлтгүй оролдлого шаарддаг явдал билээ. Бизнес ашигтай ажиллаж эхэлтэл зарцуулах хугацааг мөн тооцоолох хэрэгтэй. Судалгаагаар гарааны бизнес эрхлэгчид ашиг хүртэж эхэлтлээ дунджаар 2-3 жилийг зарцуулдаг байна. Харин тооцооллоо зөв хийж, урт хугацааны төлөвлөгөөгөөр сууриа тавьсан бол аажмаар өөрсдийгөө “тэжээж” эхэлнэ. Яг л бэлтгэл сайтай марафон гүйлтийн тамирчин шиг холын зайд бага цуцаж бариа руу дөхөхтэй адил. Тиймээс төлөвлөгөөг дараах хугацаагаар гаргах нь зүйтэй.

business is marathon, time plan.png

Бизнесийг хэрхэн тогтвортой авч явах, юун дээр анхаарах зөвлөмжүүдийг хуваалцъя. business is marathon, advice.png

Баг хамт олон 🫂

Хамгийн чухал нь баг хамт олон. Хамтран үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчид болон хамгийн чухал нь баг хамт олондоо алсын хараа, зорилгоо таниулж, ойлгуулах нь зүйтэй. Байгууллагын зорилго зорилт, алсын хараа нь ажилтан бүрийн зорилго, үнэт зүйлстэй нийцэж байж урт хугацааны тогтвортой байдлыг бий болгоно. Өөрөөр хэлбэл удирдлагын төсөөлсөн хэтийн зорилгыг дэмжин нэг зүг рүү гүйж, уг замыг дөтлөхөд хамт олон нэг хүсэл тэмүүлэл, зорилттой байх хэрэгтэй юм. Ажилтан бүрд байгууллагадаа ямар үнэ цэн авчирдгийг ойлгуулах нь ажлын бүтээмж, үр ашиг, багийн дотоод уур амьсгал, байгууллагын соёл зөв тавигдах гэх мэт олон давуу талтай. Цоо шинэ зүйл хийж бүтээхдээ хамт олон тань ажилдаа сэтгэл зүрхээ зориулж чадаж байвал таны бизнесийн хамгийн том суурь нь тавигдсан байна гэж ойлгож болно. Учир нь хамт олонтойгоо нэгэн зорилгын төлөө хичээж буйгаа мэдрэх нь өдөр тутмын урдах ажлаа л хийхээс илүүтэйгээр хамтын зорилгоо бүтээхэд хувь нэмэр оруулдаг.

Бүтээгдэхүүний зах зээл дээрх нийцэл 📊

Бид хэн нэгний асуудлыг шийдэх, тэдний хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг санал болгодог. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ зах зээлийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн /Product Market Fit/ эсэхийг тодорхойлох нь дараагийн чухал алхам юм. Стартап буюу гарааны бизнесүүдийн 90 хувь нь энэхүү тооцооллыг хийгээгүйгээс үүдэн дампуурдаг байна. business is marathon, startup.png Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй зах зээл дээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэхийн тулд хэчнээн олон цаг зарцуулж брэйнсторм, судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг билээ дээ. Тэгж төрөн гарч ирсэн яг л бидний хүүхэд, нүдний цөцгий мэт үнэ цэнтэй бүтээгдэхүүн маань зах зээл дээр хэр хэмжээний потенциалтай байна, амжилтад хүрч чадах уу, хэрэглэгч үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байна уу? гэдгийг Product Market Fit-ээр тодорхойлж түүний дараагаар шаардлагатай тохиолдолд бизнесийн үйл ажиллагаагаа өөрчлөх гэх мэт нөхцөл байдалдаа тохируулан гүйх замаа өөрчлөх нь зүйтэй юм.

Маркетингийн стратеги 🎯

Бизнес тогтвортой, урт удаан оршин тогтнох тэр дундаа хэрэглэгч үйлчлүүлэгчийн сэтгэлд хоногшин үлдэх брэндийг бүтээх нь дараагийн чухал алхам юм. Монголд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн агентлагууд олон бий болжээ. Мэргэжлийн агентлагаас үйлчилгээ авах аль эсвэл маркетингийн баг ажиллуулсан ч бай аль ч тохиолдолд брэндингээ стратегийн түвшинд хийх нь зүйтэй. Зөвхөн өнгө төрх, лого, кампанит ажил гэхээс илүүтэйгээр хэрэглэгч, үйлчлүүлэгчийн сэтгэлд эерэг, найрсаг, нөхөрсөг мэдрэмж төрүүлэх тэрхүү мэдрэмж нь удаан хугацаанд үргэлжлэх ажлыг төлөвлөж гаргах хэрэгтэй юм. Ингэснээр зах зээл дээр ялгарч, үйлчлүүлэгчдээ татаж чадах юм. Ямархуу байдлаар хэрэглэгчдэд брэндээ хоногшуулах уу гэдгээс авхуулаад өөрийн стратегийг зөв тодорхойлоогүйгээс болоод маш олон бизнесүүд дампуурдаг. Өөрийн зорилтот хэрэглэгчдэдээ ямар сувгаар хүрэх вэ? Танай бизнесийн нүүр царай хэн байх вэ зэрэг чухал асуултууд бий. Тэрхүү нүүр царай болж буй хүн нь санал болгож буй бүтээгдэхүүний мөн чанартай зөрөлдөхгүй байх гээд маш нарийн мэдрэмж шаардсан шийдвэрүүд нь Маркетингийн стратегийн хамгийн чухал хэсгүүдийн нэг.

Цаг хугацаа, технологийн өөрчлөлт ⏰

Чарльз Дарвин нэгэнтээ “Энэ дэлхий дээр хамгийн хүчтэй нь эсвэл хамгийн ухаантай нь бус өөрчлөлтөд дасан зохицож чадсан нь амьд үлддэг” гэж хэлсэн байдаг. Тэгвэл бизнесүүдэд ч энэ үг мөн хамаатай юм. Бид 2000 оны эхээр бүгд Nokia гар утас барьдаг байсан, тухайн үед Nokia компани хамгийн ухаантай, чадвартай хүмүүсийг ажилд авдаг байсан ч өөрчлөлтөд дасан зохицоогүйгээс болоод түүх болон үлдсэн сургамж бий билээ. Тиймээс ажиллах хүчин, технологи гэх мэт салбарын болон нийгмийн өөрчлөлтүүдийг судлан бизнестээ нэвтрүүлж байх хэрэгтэй юм.

Менежментийн арга хэрэгсэл 📂

Байгууллагын стратеги буюу алсын хараа нь үргэлж менежерийн оюун санааны тэргүүн эгнээнд байж, өдөр тутмын шийдвэр гаргалтад нөлөөлж байх ёстой. SWOT, PESTLE шинжилгээ, Бостоны Матриц зэрэг арга хэрэгслүүдийг ашиглан өргөн цар хүрээтэй, дасан зохицох чадвартай стратеги боловсруулж болох юм.

Нийгмийн хариуцлага ✔️

Байгаль орчин, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх нь бизнес тогтвортой үйл ажиллагаа явуулахад нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг. Урт хугацааны бизнес төлөвлөгөөгөө “Тогтвортой хөгжлийн зорилт” /Sustainable Development Goals/-той уялдуулах нь хөрөнгө оруулагч, нөгөө талд хэрэглэгч, үйлчлүүлэгчийг ихээр татах болсон. Энэхүү “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг соргогоор ашиглаж стратегидаа нэвтрүүлж байгаа олон амжилттай компаниуд байна. Үүнийг мөн нийгмийн хариуцлагатай холбож ойлгож болно. Дэлхий дахинаа хэрэглэгчдийн 81 хувь нь нийгмийн хариуцлагаа ухамсарладаг бизнесүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдад санал болгоно гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарладаг бизнесүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээнд өндөр үнэ төлөхөд бэлэн байдаг тул бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид байгаль орчны болон худалдааны стандартад нийцсэнийг баталгаажуулдаг сертификатууд, магадлан итгэмжлэлүүдийг бизнестээ нэвтрүүлэх нь санхүүгийн үр ашиг авчрах бас нэгэн үүд хаалгыг нээдэг байна.

“Стратегийн утга учир нь юуг хийхгүй гэдгээ сонгох явдал юм” гэж АНУ-ын академич Майкл Портэр хэлсэн байдаг. Дан ганц өдөр тутмын гал унтраасан асуудлуудыг шийдэхдээ төвлөрөх бус хэтийн зорилгоосоо хэвийгээгүй биз гэдгийг нягталж байх нь урт удаан оршин тогтнохын үндэс юм.

Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. MicrosoftTeams-image (13).png