Өөрийн санаагаа зөв хүргэх танилцуулга хэрхэн бэлдэх вэ? 🥳
Өөрийн санаагаа зөв хүргэх танилцуулга хэрхэн бэлдэх вэ? 🥳2024-07-18

Бизнесийн санаагаа хөрөнгө оруулагчдад, хийсэн ажлаа хамт олондоо танилцуулах гээд олон нөхцөлд хийж буй ажил, бизнес маань биднээс бусдад санаагаа товч тодорхой, ойлгомжтой хүргэх чадварыг шаарддаг. Ингээд бодохоор бид ямар салбарт ажиллаж байх, бүүр ямар албан тушаалтай байхаас үл хамааран өөрийн санаагаа зөв илэрхийлэх чадвар нь чухалд тооцогдоод байгаа юм. Тэгвэл энэхүү нийтлэлээр танилцуулга (presentation) хэрхэн үр дүнтэй бэлдэж, тавих талаар зөвлөгөөг хүргэе.

Гараа сайн бол бариа сайн ⛳

Танилцуулгаараа ямар санааг хүргэх гэж байна вэ гэдгээ ойлгосноор агуулгаа гаргахад хүндрэл үүсдэггүй. Барилгын суурь сайн тавигдсан л бол зуун давхар байсан ч нурна гэж санаа зовдоггүйтэй адил зорилгоо хэдий чинээ сайн тодорхойлно төдий чинээ үр дүн дагаж ирнэ. Харин үүнийг тодорхойлохдоо ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа өөрөөсөө асуугаад нэг үзээрэй. Мэдээ, мэдээлэл хүргэх үү? бусдад урам зориг өгөх үү? гэдэг нь тов тодорхой байх хэрэгтэй.

Зөв дараалал зөв зүгт хөтөлнө ✅

Яг л бидний мэдэх кинонууд дээр луужингүй далайд гараад яаж төөрдөгтэй адил зөв дарааллаа тодорхойлоогүй бол танилцуулга дундаа зөвхөн чамаар зогсохгүй сонсогчид чинь ч бас төөрөөд л алга болно шүү дээ. Тиймээс танилцуулгынхаа агуулгыг гаргахдаа эхлээд дараалал тогтоо. Ингэснээр хаанаас ярьж эхэлж хаана очихоо харах бөгөөд түүндээ хүрэхийн тулд яриан дундуураа ямар тоо баримт, ямар үйл явдал, ямар мэдээлэл хүргэснээр хамгийн үр дүнтэй байхаа бодох боломжтой болдог.

Өөртөө биш сонсогчдодоо 💁‍♀️

Зорилтот сонсогчдынхоо мэдлэгийн түвшин, хүлээлтэд тохируул. 5 настай хүүхдүүд дээр ороод амьдралын утга учир яривал тэд ойлгох нь юу л бол? эсвэл тухайн салбартаа өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийн өмнө мэддэг сэдвийг нь бага ангийн хүүхдэд тайлбарлаж буй мэт яривал залхах нь ойлгомжтой. Тиймээс танилцуулгыг чинь хэн сонсох гэж байна? тэдгээр хүмүүст хэрхэн тааруулж танилцуулгаа бэлтгэх талаараа судлах нь зайлшгүй байх ёстой чухал зүйлсийн нэг.

Тоо бус чанар 🤔

Агуулгаасаа хэтэрсэн их слайд бэлдэх хэрэггүй дээ. Слайд бүр дээр хэрэгтэй мэдээлэл байгаа эсэхийг дахин нэг нягтлаарай. Ойролцоо агуулгатай слайдууд байвал тэднийг нэгтгэж болно. Учир нь слайд олон байх тусмаа ойлгомжтой байна гэсэн үг биш. Аан бас слайд дээрээ хэт их үргэлжилсэн үгээр тайлбар оруулбал сонсогчид уншихыг хичээн анхаарал нь төвлөрөхгүй байх, өөрөө уншиж өгсөн ч тэдний сонирхлыг татахгүй байх эрсдэлтэй шүү.

Хэлбэр ч чухал 📊

Үнэндээ ихэнх зүйлсийн хэлбэр биш агуулга нь чухал. Гэхдээ танилцуулга хийхэд хэлбэр бөгөөд дизайн хамгийн чухал зүйлсийн нэг яах аргагүй мөн. Сайн дизайн нь танилцуулгыг цэгцтэйгээр санаагаа хүргэх үүргийг гүйцэтгэдэг ба сонирхолтой дүрслэл, график бүхий слайд нь сонсогчдын анхаарлыг татаж, нарийн төвөгтэй мэдээллийг ойлгоход хялбар болгож өгдөг. Харин нэг слайд дээр хэт олон өнгө холих эсвэл олон үгийг “bold” болгох нь эмх цэгцгүй, харахад төвөгтэй байдаг тул аль болох зайлсхийгээрэй.

Дээрх алхмуудын дагуу бэлдээд дуусчихлаа. Одоо яах вэ? Танилцуулах нь танилцуулгаасаа ялгаагүй чухал. Тиймээс дараах зүйлсийг хэрэгжүүлээд үзэхийг зөвлөж байна.

Хувцасаар нь угтаж… 👔

“Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үд” гэж Монголчууд ярьдаг даа. Аливаа илтгэл, танилцуулгын үед цэгцтэй хувцаслах нь өөрийгөө болон сонсогч нараа хүндэлж буй нэгэн хэлбэр юм. Гадаад төрх, хувцаслалтаар өгч буй гоо зүйн мэдрэмж бидний амжилтад багагүй нөлөө үзүүлдэг гэнэ шүү. Их Британийн сэтгэл судлалын профессор Бен С. Флетчер нэгэн судалгааныхаа үр дүнд үндэслэн “Бидний өмсөж буй зүйлс хэдхэн секундийн дотор маш их зүйлсийг хэлдэг. Хүнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд хувцаслах нь амжилтад хүрэх нэг түлхүүр” хэмээн хэлсэн байдаг. Тиймээс хэт гоёж, тансаг хувцаслах албагүй ч заавал цэгцтэй, цэвэрхэн хувцаслахыг зөвлөж байна.

Аравхан хором 🥳

Танилцуулгын эхлэл хэсэг хамгийн чухал гэхэд хилсдэхгүй. Учир нь танхимд буй хүмүүс танилцуулгыг чинь анхааралтай цааш сонсох эсэхээ эхний 10 хоромд л шийддэг. Сошиал медиагийн хэрэглээ ихсэх тусам хүний анхаарал хандуулах мөчлөг богиносч байгаа талаар олон судалгаанд онцолсон байдаг тул эхлэлдээ л хүмүүсийн анхаарлыг татаж чадахгүй бол цааш хэчнээн сонирхолтой зүйл ярьсан ч нэгэнт алдсан анхаарлыг эргэн татахад хэцүү л байх болов уу? Энэ аравхан хормыг хамгийн ашигтайгаар эргүүлэхэд туслах хэд хэдэн төрлийн техник бий. Асуултаар эхлэх, асуудлаа шууд дэвшүүлэх, сонирхолтой тоо баримтаар эхлэх, болсон явдлаа ярьж эхлэх гэх мэт нийтлэг бөгөөд үр дүнтэй аргуудыг судлаад үзээрэй. Хөнгөхөн тоглоом наргиагаар танилцуулгаа эхэлсэн ч болно шүү дээ.

Юу ярихаа бэлдчихсэн учраас одоо яаж ярих нь чухал 🗣️

Хэнд зориулж танилцуулгаа тавихаа бодож танилцуулга болон хэлэх үгээ бэлдэх нь чухал. Хэрэв танхимд тухайн сэдвийг сайтар мэддэг хүмүүс цугласан байвал хэтэрхий нуршиж танилцуулахгүйгээр шууд гол хэсэг рүүгээ орж болох юм. Туршлагатай илтгэгчид танилцуулгаа тавьж байхдаа танхим дахь уур амьсгалыг мэдэрч хүмүүсийн байдлыг ажигласнаар танилцуулгынхаа хэсэг бүрийг хэр урт богино ярихаа шийддэг. Эцэст нь илтгэлийн чинь чухал тал нь өөрөө биш илтгэлийг сонсож буй хүмүүс гэдгийг санаарай.

Түлхүүр үгс нь түр санах ой л гэсэн үг 🗝️

Ярих зүйлсээ түлхүүр үгсээр тэмдэглээд авахад буруудахгүй. Танилцуулгаа үг үсэггүй цээжлэх нь танилцуулгынхаа дундуур нэг л үг мартах тохиолдолд ярих зүйлээ тэр чигт нь мартах эрсдэлтэй. Тиймээс ярих зүйлсээ агуулгаар нь ойлгож, тухайн агуулгыг төлөөлж чадах түлхүүр үгсийг бэлдээрэй.

Бодлыг биеийн хэлэмж илэрхийлж байдаг 😎

Танилцуулгын үеэр биеийн хэлэмжийг үр дүнтэй ашиглах нь танилцуулгыг мэдэгдэхүйц сайжруулж, сонсогчдын анхаарлыг татдаг. Биеийн хэлэмжийг үр дүнтэй ашиглах хэдэн арга хуваалцъя.

Биеийн байрлал: Нуруу шулуун, цэх зогсож танилцуулгаа тавих нь өөртөө итгэх итгэлийг харуулдаг байна.

Eye contact: Сонсогчдынхоо нүд рүү тас ширтээд байх нь мэдээж зохимжгүй. Гэхдээ үе үе тэдний нүд рүү эгцлэн харах нь өөртөө итгэлтэй байдлыг чинь харуулж, сонсогчидоо анхааралтай бөгөөд идэвхтэй байлгах боломжийг бий болгоно.

Дохио зангаа: Гараа индрийн араар нуух бус нээлттэй, харагдахуйц байлгах нь шударга байдлыг илэрхийлдэг. Гарын дохиогоор аливаа дүрслэлийг харуулж болно. Гэхдээ хэт их хөдөлгөөн нь анхаарал сарниулж болзошгүй тул хэтрүүлэхгүй байхыг анхаараарай. Танилцуулгын үеэр гараа зөрүүлж, хамгаалалтын байрлал авах нь тав тухгүй, найдваргүй байдлыг илэрхийлдэг.

Түр зогсох, амьсгалах: Чухал мэдээлэл танилцуулахын өмнө түр чимээгүй болж, зогсолт хийх нь сонсогчдын анхаарлыг төвлөрүүлж өгдөг. Харин амьсгал авах нь, тайвшрахад тусалдаг байна.

Бэлтгэл, бэлтгэл бас дахин бэлтгэл 🫡

Сайн танилцуулга хийхийн жор нь олон дахин бэлдэхэд оршдог. Олны өмнө ярихад хүн бүхэн л сандардаг бөгөөд сандралаа дарах, хамгийн тайвнаар ярихад тань урьдчилсан бэлтгэл л тусална. Толинд хараад өөртөө ярьж өгөх байдлаар эсвэл ярьж байгаагаа бичлэг болгон аваад бичлэг дээрээ ажиллах зэрэг түгээмэл аргуудыг ашиглаад үзээрэй.

Эцэст нь хэлэхэд ямар ч шалгалт, бие даалт, танилцуулгын үед бэлтгэл сайтай хүн сандралгүй, амжилттай ард нь гарч чаддаг. “Энхийн цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсгана” гэх үг хүртэл бий шүү дээ.

Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. landscape copy 1.png