Ажлын байран дээрээ эерэг харилцааг бий болгох нь 🤩
Ажлын байран дээрээ эерэг харилцааг бий болгох нь 🤩2024-08-22

Бид хоногийн 16 цаг сэрүүн байдаг ч талыг нь ажлын байран дээрээ өнгөрөөдөг. Үүн дээр илүү ажилласан цаг, хамт олонтойгоо өнгөрөөх ажлын бус чөлөөт цагууд нэмэгдвэл бүр ч их тоо гарч ирнэ. АНУ-ын цаг ашиглалтын статистикаас харахад хүн дунджаар 25-50 насандаа гэр бүл, найзуудтайгаа өнгөрөөх цагаас илүү их цагийг ажлын хамт олонтойгоо өнгөрөөдөг байх нь. Untitled-13 copy [Recovered]-02.jpg

Тиймээс ажлын хамт олон, тэдэнтэй харилцах харилцаа нь бидний амьдралын чухал үе хэрхэн өнгөрөхийг шийднэ гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй. “Хонь, чоно” мэт ялгаатай, тэс өөр хүмүүс байхаас авхуулаад яаж ч хичээгээд дундын ярианы сэдэв олддоггүй хүмүүс ч байдаг.

Дэйл Карнегийн “How to Win Friends and Influence People” номонд ямар ч бизнест амжилт гаргая гэвэл зөвхөн мэргэжлийн ур чадвар, мэдлэг байгаад хангалтгүй бөгөөд зөөлөн ур чадвар (soft skills) тэр дундаа харилцааны ур чадвар хамгийн чухал гэж тодорхойлсон байдаг. Уг номонд гардагчлан хүмүүсийн учрыг олчихвол амьдралд их л тус болно доо. Учир нь зан авирын хувьд харилцахад бэрх, хэцүү хүмүүстэй таарахад тэвчих, тоохгүй өнгөрөөх зэрэг нь илүү амархан санагдав ч асуудлыг шийдэхгүй, харин ч нөхцөл байдал дараагийн удаа илүү хүндэрнэ. Харин учирч болох хүмүүсийн зан төлөвүүдийг тодорхойлж шийдвэрлэх арга зам хайснаар зөвхөн өөртөө ч бус ажлын уур амьсгалыг тэр чигт нь өөрчлөх боломжтой юм. Ажлын байран дээр ямар төрлийн зан авиртай хүмүүс тааралдах боломжтой, тэдэнтэй хэрхэн нөхөрсөг харилцаа үүсгэж болох талаар мэдэж авцгаая.

"Бүх зүйл болж бүтэхгүй ээ" гэдэг төрлийн хүн 😏

Жишээлбэл, тухайн хүнтэй ярилцахаар өөрийн гомдож явдаг зүйлүүд болон хорвоогийн хамаг болж бүтэхгүй зүйлсийг ярьсаар эцэстээ өөрийгөө залхаж байгаагаа анзаарах үеүд гардаг л биз. Тэгвэл яах хэрэгтэй вэ?

Энэ нөхцөлд нөгөө хүнийхээ хэлэх гэж буй санааг ойлгосноо тайлбарлаад араас нь санааг нь өөрчлөх гээд үзээрэй. Жишээлбэл, сүүлийн үед ажил их байгаад гомдоллож байлаа гэж бодъё. Энэ үед хамгийн эхэнд санал нийлж, араас нь ярианы сэдвээ бага зэрэг өөрчилж “Ойрдоо шинэ төсөл гээд бүгд л завгүй байгаа, хэдүүлээ ард нь даваад гарна аа” зэргээр тухайн сэдвээс нь эерэг зүйлийг нь онцолж яриад үзээрэй. Түүний санааг шууд эсэргүүцэхгүйгээр, өөр өнцгөөс харахад нь дэм болоорой.

Түрэмгий зантай хүн 👿

Хурал дээр хэн нэгнийг ярьж байхад гэнэт уурладаг, санаагаа илэрхийлэхдээ хатуухан үг хэрэглэдэг хүнтэй ажиллах үед хэд хэдэн арга ашиглах боломжтой.

Жишээлбэл, уурлаж байгаа үед нь түүний зан авирт нь төвлөрөхийн оронд хэлэх гэж буй санааг нь ойлгох гээд үзээрэй. Багийн ажлын хүрээнд ямар нэгэн зүйл болохгүй байгаа учраас эсвэл зөв гэж бодсон санаагаа бусдад хэлэхдээ эвгүй байдлаар хэлсэн байж болзошгүй байдаг. Мөн хүн өөрийг нь ойлгох үед эсвэл өөрийг нь анхааралтай сонсож байгааг мэдэх үедээ тайвширдаг гэдгийг бүү мартаарай. Тайвширсны дараа түүний арга нь буруу байсан талаар ярилцахад тухайн хүнд хамаагүй хялбар байх бөгөөд сэтгэл зүйн хувьд ч мөн таны ярьсныг хүлээж авахад илүү бэлэн байх болно.

Мэдэмхийрэгч нэгэн 😎

Өөрийг нь ярьж байхад яриаг нь таслахад дургүй, өөрийнх нь буруу байсан ч зөв юм шиг ярьдаг хүмүүс байдаг. Ийм үед бас нэг арга бий.

Тухайлбал, аливаа төсөл эхлүүлэх гэж байхад цаашид хэрэгжүүлэх арга зам дээр зөвхөн өөрийнхөө саналаа тулгаад зүтгээд байвал маш эелдгээр ямар тоо баримт дээр суурилж байгааг нь асуугаарай. Хэрэв санааг нь дэмжиж байгаа баримт байхгүй бол судалгаа авах замаар өгөгдөл цуглуулах гэх мэтээр ул суурьтай арга зам сонгох хэлбэр рүү шилжүүлэхэд тухайн хүн энэ ажлыг маш сайн хийх болно. Мөн бас нэг арга нь ямарваа танин мэдэхүйн зүйл ярилцаж байх үед маш тайвнаар “Өөө тийм үү? Анх удаа л сонсож байна” “Ёстой сонсож байгаагүй юм байна, шинэ юм мэдэж авлаа” гэх зэргээр хариулт өгөх нь цаашид бие биетэйгээ тэрсэлдэхгүйгээр ийм байдлаар биеэ авч явж болдог юм байна гэх санааг түүнд ойлгуулах боломжтой байдаг.

Зөрүүд нэгэн 🙄

Аливаа асуудалд зөвхөн нэг талыг л харан дөргүй бух шиг өөрийнхөөрөө зүтгэдэг хүмүүс байдаг даа. Ийм хүнтэй дараах байдлаар нэг харьцаад үзээрэй.

Яах вэ? гэхээр “Чи үргэлж…” гэж буруутгахын оронд “Би энэ шийдлийн энэ тал дээр нь санаа зовж байна, Ийм эрсдэл гарах магадлалтай байна” гэх зэргээр өөрийг нь шууд эсэргүйцэлгүй аль болох зөөлөн харилцаарай. Ийм төрлийн хүмүүсийг хэт буруутгах, эсэргүйцэх байдлаар харилцвал тухайн асуудал, шийдэл дээр өөрийн бодол, шалтгааныг ч хэлж тайлбарлахгүй зөрүүдлэх хандлагатай байдаг. Тиймээс тухайн асуудалд та эсрэг байр суурьтай байсан ч эхлээд шалтгааныг нь асуун дараа нь өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ тухайн хүний үзэл бодлыг шууд няцаалгүйгээр хэлж байгаарай.

Эцэст нь хэлэхэд, ажлын хамт олонтойгоо эерэг харилцаатай байх нь хувь хүний сайн сайхан байдал, бүтээмжийг дээшлүүлэхээс гадна байгууллагын соёл, ажлын орчинд чухал хувь нэмэр оруулдаг. Тиймээс дээрх арга барилуудыг академик түвшинд гүнзгийрүүлэн судлахаар сонирхож байгаа бол Сиднейн Их Сургуулийн “Ажлын байран дээр тохиолдох хэцүү зан авирыг хэрхэн шийдэх вэ” нэртэй цахим хичээлийг санал болгож байна.

Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. landscape_copy_1_2c67de6205.png