
Нэг өглөө сэрээд огт технологи хэрэглэхээ болъё гэж шийдэхэд л ажил төрөл гацчихдаг цаг үед бид амьдарч байна. Гэхдээ зарим үед дижитал ертөнцөөс түр холдож, уламжлалт аргуудыг бизнестээ ашиглах нь өчнөөн давуу талуудыг авчрах нь ч бий.
Өмнө нь бид “Хэрхэн бизнесийн боломжоо технологиор тэлэх вэ?” сэдвээр ярилцаж байсныг санаж байгаа биз дээ? Харин энэ удаад технологиос түр зуур хөндийрснөөр бизнест ямар гээч давуу талуудыг авчирч болох талаар хөндмөөр санагдлаа.
Юуны өмнө дижитал бус шийдлүүдийг ашиглах нь бизнесийг илүү хүн төвтэй, гүн гүнзгий харилцаатай орчин болгоно. Ингэснээр зөвхөн бизнесийн хөгжилдөө төдийгүй хамтран ажиллагсдадаа ч эерэг харилцааг бий болгож чадна.
Бизнесийн орчинд дижитал бус харилцааны давуу талууд:
Итгэлцэл болон харилцааг бэхжүүлнэ. И-мэйл эсвэл мессенжерээр харилцах нь уг нь нилээн цаг хэмнэнэ л дээ. Гэхдээ заримдаа юу ч бодолгүй бичсэн үгс нөгөө хүндээ сөрөг эсвэл бүр үл ойлгогдохоор хүрчихсэн байдаг даа. Тиймээс зарим тохиолдолд аль болох биечилж очоод шууд ярилцах нь дараа нь гарах үйл ойлголцлуудаас сэргийлэх арга нь ч байж болох юм. Үүнээс гадна харилцагч, түншүүдтэйгээ илүү итгэлтэй, гүнзгий харилцааг хөгжүүлж, хадгалж үлдэхэд томоохон түлхэц болох нь дамжиггүй.
Хамтын ажиллагааг сайжруулна: Багийн гишүүд нэгнийхээ биеийн хэлэмжийг унших, эмоцийг илүү үр дүнтэй дамжуулж, багийн гишүүдийг урамшуулах, зөрчил маргааныг шуурхай шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь эргээд ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, хамтран ажиллах орчныг илүү эерэг болгоно.
Үе хоорондын харилцааг сайжруулах: Арай ахимаг насны хүмүүс ухаалаг төхөөрөмж, цахим орчныг ашиглахдаа залуу хүмүүсээс арай удаан байдаг бөгөөд дасаагүй гэх зэрэг олон асуудал гарч ирдэг тул технологийн хөгжилтэй хамт ирсэн өөрчлөлтүүд нь үе хоорондын ялгааг бий болгох хандлагатай байдаг. Харин дижитал бус харилцаа нь ихэвчлэн энэ асуудлын шийдэл болдог.
Шийдвэр гаргалтад нөлөөлөх: Биечлэн ярилцаж, харилцсанаар зөвхөн мэдээлэл дамжуулах төдий биш, харин гүнзгий ярилцлага, дүгнэлт хийх боломж бий болдог тул илүү ухаалаг шийдвэр гаргахад тусалдаг. Товчхондоо, технологиос түр холдож, дижитал бус стратегийг ашиглах нь зөвхөн асуудлыг шийдэх төдийгүй, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийг бий болгодог байх нь.
💬 Дижитал бус орчинд харилцаа үүсгэх нь Бизнесүүд технологийн тусламжтайгаар цар хүрээгээ өргөжүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчидтэйгээ дижитал бус сувгаар харилцах аргыг эргэн ашиглаж эхэлжээ. Тухайлбал, дэлхий даяар 1,300 гаруй зочид буудалтай “Hyatt Hotels & Resort” компани нэгэн маш энгийн бөгөөд үр дүнтэй арга ашигласнаар шинэ үйлчлүүлэгчид татах, тэднийг дахин өөрсдийг нь сонгох хандлагыг нэмэгдүүлж чадсан байна. Тэр нь юу гэхээр зүгээр л захидал. Тэгэхдээ бүр хүний гараар үйлчлүүлэгч бүрд тусгайлан бичсэн захидалуудыг илгээдэг болж. Ингээд энэхүү маш энгийн аргаар үйлчлүүлэгдэдээ итгэл бөгөөд дотно сэтгэгдэл төрүүлсэн нь тус зочид буудлын захиалга 18%-иар өсөхөд голлон нөлөөлсөн байна.
Тэгтэл гараар бичсэн захиа илгээх үйлчилгээ үзүүлдэг бизнесүүд бий болоод эхэлжээ. Тодруулбал, “Yellow Letters Complete” гэх компани хэрэглэгчдэд маркетингийн зорилгоор гар бичмэл захиа илгээх үйлчилгээг санал болгодог гэнэ.
Тус компани үйлчлүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс захиа бичиж, тэдгээрийг шуудангаар илгээх ажлыг хариуцдаг. Түүнчлэн, харилцагчдын хэрэгцээнд нийцүүлэн текстийг боловсруулж, гараар бичих хэв маягийг сонгож өгөх боломжтой. Хэд хэдэн ашгийн бус байгууллагын хэрэглэгчдийн дунд явуулсан шууд харьцуулсан судалгаагаар и-мэйл, хэвлэмэл материалаас илүү гараар бичсэн захиаг хүмүүс 2-3 дахин их удаа уншдаг гэсэн үр дүн гарчээ.
🍭Хэт их технологийн дунд хэсэгхэн завсарлага амттай: Бүтээлч сэтгэлгээнд үзүүлэх нөлөө
Хэт их технологийн хамаарал заримдаа бүтээлч сэтгэлгээг боомилдог нь олон судалгаагаар батлагдсан байдаг юм байна. Шинэ санаа гаргаж, асуудлыг өөр өнцгөөс харахад төвлөрөл, тайван байдал чухал үүрэгтэй гэдэгтэй маргах хүн ховор байх. Гэвч технологийн хэт хамаарал үүнийг хязгаарладаг гэнэ шүү.
Анхаарал сарниулах аюул ⚠️
Технологитой холбогдолтой байнгын дуу чимээ, ялангуяа олон нийтийн сүлжээний мэдэгдлүүд бидний анхаарал төвлөрөх чадварыг эрчимтэй сааруулдаг. Байнга анхаарал сарниснаар бид "өргөн цар хүрээтэй" сэтгэхээс илүүтэйгээр богино хугацааны, “даруй хэрэгжүүлэх боломжтой" санаа гаргах хэв маягт шилждэг.
Хуулбарлах хандлага 😔
Олон нийтийн сүлжээ хэт их хэрэглэснээр бусдын контентыг дуурайж, хуулбарлах сэтгэлгээ бий болдог. Жишээ нь, TikTok, Instagram зэрэг платформ дээр олон контент яг ижил форматаар, ижил санаатай бүтээгддэг нь бүтээлчээр бодох чадварыг бууруулж байна гэж мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Хэт их хялбаршуулах нь 🥱
Хиймэл оюун ухаан болон автоматжуулсан программ нь хүмүүсийн бүтээлч сэтгэлгээний оролцоог багасгаж, урт хугацаандаа оюуны хүчин чармайлтаас зайлсхийж, шинэ санаа гаргах ур чадварыг сулруулдаг болон нь тогтоогджээ.
Тэгвэл Google болон Ford зэрэг компаниуд ажилтнуудын бүтээлч байдал, сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор оюун санааны амралт буюу "mindfulness"-ийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Google компанийн хувьд "Search Inside Yourself" гэх хөтөлбөрөөр дамжуулан ажлын байран дахь бүтээлч сэтгэлгээ болон анхаарал төвлөрөлтөө сайжруулах, мэдээллийн хэт ачааллаас сэргийлэх, сэтгэл хөдлөлөө удирдах дасгал сургуулилтаар хангадаг ажээ. Үүнийг уншиж буй чи хамт олон, ажилтнуудынхаа дунд эдгээрийг хэрэгжүүлээд үзүүлэхэд илүүдэхгүй шүү.
Үүнээс дүгнэхэд, хэт их технологийн хэрэглээ нь бидний бүтээлч сэтгэлгээг "унтаа байдалд" оруулдаг бол технологиос завсарлага авах нь бодож сэтгэх, санаачилга гаргах орон зайг бүрдүүлдэг. Бидний бүтээлч байдлыг сэргээх гол түлхүүр нь технологийн хяналттай хэрэглээ, оффлайн орчинд төвлөрөх чадвар юм.
Тэнцвэрт байдлыг олох нь ⚖️
Технологи бол бизнесийн амжилтын үндэс гэдэгтэй маргахгүй. Гэвч дижитал бус стратегиудыг технологийн шийдлүүдтэй хослуулж, тэнцвэрийг хадгалах нь урт хугацааны өсөлтийг хангах гол түлхүүр юм. Жишээ нь, дижитал маркетингийг офлайн арга хэмжээтэй хослуулах, эсвэл онлайн борлуулалтыг биечлэн хүргэлттэй уялдуулах боломжтой.
Эцэст нь, технологийн тусламжтайгаар бизнесээ өргөжүүлэх нь зайлшгүй чухал ч дижитал бус стратегийн үнэ цэнийг орхигдуулж болохгүй. Технологийг үр дүнтэй ашиглахын зэрэгцээ түр зуурах хөндийрэх орон зай, цаг хугацааг өөртөө бий болгож, богино хугацаанд ч гэсэн уламжлалт аргаар ажилласнаар хэрэглэгчидтэйгээ илүү бодит, үнэ цэнтэй холбоо тогтоож, бизнесийн амжилтыг шинэ түвшинд хүргэхэд нэг алхам ойртоно.
(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж нэг тэрбум төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай)